“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб “Эрдэнэс Таван толгой” компани, ХААИС-ийн Агро экологийн сургууль, “Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоо”-той хамтран ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд 2022 онд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд нэгтгэл, ангиудын байршил, боломжид тулгуурлан бүсчилсэн байдлаар 9 газарт мод үржүүлгийн газрыг байгуулах, нэгтгэл, анги, салбар бүрд ногоон хотхоныг бий болгох, ХААИС-ийн Агро экологийн сургуультай хамтран Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнтэй агроэкологийн мэдлэг олгох анхан, ахисан шатны болон сургагч багш бэлтгэх 3 шатны сургалтыг зохион байгуулж эхэлжээ.
Энэхүү агроэкологийн анхан шатны сургалтаар нийт бие бүрэлдэхүүнд модны төрөл, зүйлийг ялгаж таних, мод тарьж ургуулах, арчлах, хамгаалах, ойжуулалт хийх, ойг нөхөн сэргээх, агро-ойжуулалтыг хөгжүүлэх, ногоон байгууламжийг байгуулах онол, арга зүйн мэдлэг олгох бол ахисан болон сургагч багш бэлтгэх сургалтаар эдгээр ажлыг төлөвлөх, удирдан зохион байгуулах чадвар, дадлагыг олгох юм.
Агроэкологийн анхан шатны 20 цагийн цахим сургалтыг өнгөрсөн сард 10 хоногийн хугацаатай зохион байгуулсан бөгөөд офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат алба хаагч, ажилтнууд, тэдний гэр бүлийн төлөөлөл, ахмад дайчид зэрэг 2,500 орчим хүн хамрагджээ.
Түүнчлэн ахисан шатны 60 цагийн цахим сургалтыг энэ сард 10 хоногийн хугацаатай зохион байгуулж, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, салбаруудын 250 гаруй алба хаагчийг хамруулсан байна.
Сургагч багш бэлтгэх онолын сургалтыг хоёрдугаар сард цахимаар зохион байгуулах бөгөөд дөрөвдүгээр сард Төв аймаг дахь агро паркуудад дадлагажин цаашид Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын бие бүрэлдэхүүнд ойжуулалт, агро-ойжуулалтын талаар зөвлөгөө өгөх, зааж сургах, түгээн дэлгэрүүлэх, мэдээллээр хангах чадавхыг олгох аж.
Ахисан түвшний болон сургагч багш бэлтгэх сургалтын хээрийн дадлагад оролцох алба хаагчдын томилолтын зардал, багаж хэрэгсэл, ажлын хувцсыг ЗХЖШ-аас нэгдсэн журмаар хангахаар төлөвлөжээ.
Сургалтад хамрагдсан алба хаагчид нэгтгэл, анги, салбартаа болон амьдарч буй орчиндоо мод тарих, ойжуулалт хийх, агро парк хөгжүүлэх замаар ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, эмийн ургамал, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, арчлан хамгаалж сурснаар экологийн эрүүл таатай орчинд амьдрах, эрүүл, аюулгүй хүнсээр тогтвортой хангагдахын зэрэгцээ нэмэлт орлоготой болох боломжтой юм байна.