Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан “Омикрон хувилбарын давлагаа үүсвэл дахин 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй” хэмээн өмнө нь мэдэгдсэн.
ЕБС-ийн сурагчдын 45 хоногийн амралт дуусаж, сар хүрэхгүй хугацааны дараа буюу хоёрдугаар сарын 7-нд удаах улирлын хичээл эхэлнэ. Тэгвэл сурагчид ямар хэлбэрээр хичээллэх талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “Хичээл сургалтын үйл ажиллагааг ямар хувилбараар орох талаарх судалгааг БШУЯ-наас хийж байна. Бид УОК, шуурхай штаб, ЭМЯ зэрэг байгууллагуудад шат шатандаа танилцуулна. Тэрхүү бэлтгэл ажлаа хангаж байгаа ба сайд энэ талаарх мэдээллийг удахгүй албан ёсоор өгөх байх. Би урьдчилан хэлэх боломжгүй байна” гэлээ.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өмнөх мэдээлэлдээ “Халдварын давлагаа ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Хоёрдугаар сарын эхний долоо хоногт хичээл ордгоороо орно. Харин түүний дараах 2-3 долоо хоногт омикроны давлагаа, өвчлөл ямар байхаас шалтгаалж сургуулиуд хичээлээ ямар байдлаар явуулах талаар УОК, Засгийн газрын хэмжээнд тодорхой хувилбаруудыг хэлэлцэнэ. Хэрэв омикроны хувилбар давлагаалбал өмнөх 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй. Хичээл эхлэх үед нөхцөл байдал ямар байхаас шалтгаалаад хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг тухайн үед нь шийднэ” гэсэн юм.