Казахстаны «Атамекен» үндэсний бизнес эрхлэгчдийн танхимын тэргүүн Тимур Кулибаев энэ сарын 17-ны даваа гарагт ажлаа өгч байгаагаа зарлалаа.
Кулибаев нь Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хүргэн. “Өнөөдрөөс эхлэн би «Атамекен» Бизнес эрхлэгчдийн үндэсний танхимын ТУЗ-ийн даргын сонгогдсон албаа өгч байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн ч шалтгааныг нь хэлээгүй, хамтран ажиллаж байсан хамт олондоо талархлаа илэрхийлжээ. Нэгдүгээр сарын 15-нд Назарбаевын хоёр хүргэн үндэсний томоохон компанийн удирдлагын суудлаа өгсөн аж. Экс Ерөнхийлөгчийн бага охины нөхөр Димаш Досанов Казахстаны төрийн өмчит «КазТрансОйл» компанийн ерөнхий захирал, ТУЗ-ийн даргын суудлаасаа буусан бол Назарбаевын ууган охины нөхөр гэгддэг Шарипбаев “QazaqGaz” үндэсний компанийн ТУЗ-ийн даргаасаа огцорчээ. Казахстанд он гарснаас хойш шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийн томоохон эсэргүүцэл дэгдэж, эмх замбараагүй байдал болон өргөжсөн юм.