Б.Мичидмаа
Дүн өвлийн хүйтэн Монгол Улсын дэд бүтэц, шийдвэр гаргагчдийн ажлын үр дүнг шалгасаар… Агаарын бохирдол, шахмал түлшний чанар, нийтийн тээврийн үйлчилгээ, томуу, томуу төст өвчний халдварыг даган яригддаг эрүүл мэндийн салбарт ахиц гарахгүй байгааг өвлийн улирал ив ил харуулж байна. Үйл ажиллагаа нь доголдож, иргэдийг айлгаж байгаа асуудлын нэг нь нийтийн тээврийн үйлчилгээний чанар.
Нийтийн тээврээр өдөрт давхардсан тоогоор 650-700 мянган зорчигч үйлчлүүлж байна. Олон зуун мянган иргэдийн амь нас, эрүүл мэнд нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг компаниудын “мэдэлд” байдаг ч эдгээр компаниуд хотын 1 сая илүү иргэнд амь насны баталгаа өгч чадахаа нэгэнт өнгөрчээ.
Өнгөрсөн оны 12 сарын 22-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цамбагараваас Саппоро явах замд зорчигч тээвэрлэж явсан автобус шатсан. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход “Эрдэм Транс” ХХК-ийн “Нарангийн гол-Дүнжингарав” чиглэлийн Хюундэй загварын автобусны доод эд анги шатаж байжээ. Албар хаагчид галыг 10 минут ажиллан унтраасан байсан юм.
Хэдхэн хоногийн дараа буюу 28-ны өдөр Гандангийн автобусны буудал дээр “3,4-р хороолол-Дүнжингарав” чиглэлийн автос шатлаа гэж иргэд цахим орчинд шуугив.
12 дугаар сарын 30-ны өдөр “Гачуурт-Жуков” чиглэлийн 36 дугаартай зорчигч тээврийн автобус шугаманд явж байх үед арын моторын хэсэгт гал гарч шатсан. уг нийтийн тээврийн хэрэгсэл нь “Эмсит” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндай” загварын автобус байжээ.
Ганцхан сарын дотор, долоо хүрэхгүй хоногийн зайтай гурван автобус зорчигч тээвэрлээд, шугаманд явж байхдаа шатсан юм. Үүнээс гадна өнгөрсөн оны нэгдүгээр сард Тэнүүн-Огоо ХХК-ийн Шархад- Хороолол, 8-р сард ГССҮТ-ийн уулзвар дээр, 6-р сард Улаанхуарангийн эцэс зэрэг газруудад шугаманд явж байсан автобус шатаж байв.
Энэ бүх асуудал тухайн өдрөө шуугиж байсан ч маргаашнаас нь мартагдаж, автобус шатсан хэрэгт хэн ч энэ асуудалд хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй өнгөрч ирлээ.
Автобус шатсан тохиолдлын үед азаар хүний амь нас үрэгдэж, бэртсэнгүй. Гэхдээ ийм аз олон тохиохгүй. Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх үзлэг оншилгоог байнга хийж, хариуцлагатайгаар хяналт тавьж ажиллахгүй бол хэн нэгэн хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирхыг үгүй гэх газаргүй.
Хэзээ хаана явж байгаад шатчих бол гэж санаа зовиносон иргэд нийтийн тээврээр бус хувийн унаагаараа замын хөдөлгөөнд оролцох хүсэл сонирхол давамгайлж байна. Үүнээс харахад агаарын бохирдол, замын түгжрэл, автомашины зах зээлийн үнийн өсөлт зэргийн суурь шалтгаан нь нийтийн тээврийн салбарын уруу дорой байгаатай салшгүй холбоотойгоор үргэлжилж байна.