Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын дүн, эргэн төлөлтийг шалгах ажлын хэсгийг ахалж ажилласан билээ. Тухайн үед шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж байсан юм.
Тухайлбал, Хөгжлийн банк эргэн төлөлт авч чадаагүй, ноцтой зөрчилтэй гэж үзсэн 9 зээлдэгчийн зээлийн мэдээлэл, арилжааны банкуудтай өрсөлдөж, жижиг төслүүд санхүүжүүлсэн, зээлийн бүтцийн өөрчлөлтөөр зээлдэгчид давуу эрх олгож, тухайлан нэг зээлдэгчид найман удаагийн бүтцийн өөрчлөлт хийсэн, мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татсан зэрэг томоохон зөрчлийг илрүүлж, олон нийтэд мэдээлж байв.
Ноцтой зөрчилтэй гэж үзсэн дээрх байгууллагуудын нэг болох “Кью Эс Си” компани “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэхээр 2014 онд Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсаар байгаа юм. Тодруулбал, тус компани 2015 онд 71.3 сая ам.долларын зээлийг жилийн найман хувийн хүүтэй авч, 2018 оны арванхоёрдугаар сард төлж дуусгах байсан ч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй явж ирсэн байна. Иймд прокурорын байгууллага тус компаниас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 200 тэрбум гаруй төгрөг гаргуулахаар нэхэмжлэл бичиж, шүүхэд хандаад байсан билээ.
Тэгвэл өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй, “Кью Эс Си” ХХК-д холбогдох иргэний хэргийг зохиогчийн гаргасан гомдлоор Улсын Дээд шүүх хуралдсан байна. Хурлаар “Кью Эс Си” компаниас зээл, зээлийн үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болох нийт 192 тэрбум 572 сая /нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар/ төгрөгийг бүхэлд нь гаргуулж Хөгжлийн банканд олгуулах шийдвэр гаргалаа.
Тодруулж хэлбэл, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын талын хувийг эзэмшиж буй хэмээн өөрсдийгөө зарлаж байсан бүлэглэлтэй Л.Оюун-Эрдэнийн хийж байгаа тэмцэл дахин нэг шатаар ахиж байна гэсэн үг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төр, нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж буй эрх мэдэлтнүүдтэй нам хамаарахгүй хариуцлага тооцохоо мэдэгдээд байгаа билээ.