УИХ-ын чуулганы өнөөдрийн (2022.01.14) нэгдсэн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажилласан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн тогтоол батлагдсантай холбогдуулан тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Хүн судлалын салбарын хөгжил хаягдсан учир буцаан сэргээж, бодлогын хэмжээнд аваачиж, институц байдлаар хөгжүүлэх, мөн нарийн генийн сан, молекул генетикийн түвшинд судалгаа, шинжилгээг илүү чадамжтай хийдэг болгох заалт тогтоолд орлоо. Тухайлбал, сүүлийн үед гараад байгаа коронавирусийн генийн дарааллыг хүртэл бид бүрэн тоолж чадахгүй байна. Энэ нь манай эрүүл мэндийн салбарын, тэр дундаа молекул генетикийн салбарын томоохон сорилт учир үүнийг хөгжүүлэх чиглэлээр ажиллахыг Засгийн газарт үүрэг болголоо.
Зарим судалгаагаар өрхүүдийн 84 хувь нь Угийн бичиг хөтөлдөггүй.
Тогтоолд туссан бас нэг чухал асуудал бол 30-аад жилийн тэртээ Угийн бичиг хөтлөх талаар нэлээд ажиллаж, яаж бичих заавар зөвлөмж хүртэл гаргасан ч ажил болоогүй. Зарим судалгаагаар өрхүүдийн 84 хувь нь Угийн бичиг хөтөлдөггүй. Уншигч та бүхэн өөрөөсөө асуугаарай, би угийн бичгийг хөтлөх шаардлагатай юу гэж… Угийн бичиг хөтлөх тал дээр бид маш их идэвх санаачилгатай ажиллах ёстой. Энэ чиглэлээр бодлогын томоохон ажлуудыг яаралтай хийх шаардлагатай байна. Тухайлбал, угийн бичиг хэрхэн талаар сургалт, соён гэгээрүүлэх ажил хийх шаардлагатай. Угийн бичгийг хөтөлдөг байснаар л бид цус ойртолтоос сэргийлж, удмын сангаа хамгаалж чадна.
Судлаачдын хэлж байгаагаар цус ойртолтгүй аймаг, сум гэж алга. Тийм учраас цус ойртолтоос сэргийлж, үүнээс үүдэж байгаа төрөлхийн гажигууд, жирэмсэн үедээ ураг зулбах, нярай үедээ эндэх зэрэг эрсдэлүүдийг бууруулах, тэр битгий хэл хавдар өвчин ч гэсэн удамшлын гаралтай цус ойртолттой холбоотой гэдгийг эрдэмтдийн төлөөлөл нотлоод байгаа учир энэ аюулаас зайлсхийх нь бидэнд нэн тулгамдсан асуудал болж байна. 6000 гаруй удамшлын өвчин байдгаас 2000 гаруй нь элбэг тохиолддог. Үүнд хавсарсан болон дан ургийн гажиг буюу сэтэрхий уруул, тагнай, амьгүй төрөлт, оюун санааны хоцрогдол ч төрөлхийн гажигтай холбоотой. Тиймээс энэ чиглэлээр оношлогооны лабораторитой болох зэрэг шаардлагатай ажлуудыг хийхийг Засгийг газарт чиглэл болгосон.
Дэлхийн зарим улсуудад цус ойртолтоос сэргийлэхийн тулд удам доторх гэрлэлтийг хууль бус гэж үзэн, хуулиар зохицуулдаг. Монгол Улсад ч гэсэн захиргааны аргаар энэ асуудалд хандах зайлшгүй шаардлагатай юу гэдэг асуудлыг тогтоолыг хэлэлцэх үеэр Д.Тогтохсүрэн нарын гишүүд асууж байсан. Манай улсад ийм зохицуулалт байх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Тогтоолын хүрээнд Засгийн газраас 2023 онд багтаан өргөн барих хуулийн төсөлд энэ талын зохицуулалт орох уу, юу гэдгийг нэлээн нухацтай хэлэлцэнэ.
Тогтоолд туссан дараагийн нэг асуудал нь зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй буюу олон хүүхэдтэй айл өрхийг хэрхэн дэмжих тухай асуудал. Энэ чиглэлээр олон хүүхэдтэй гэр бүлийг хэрхэн дэмжих вэ гэдэг бодлогыг төсөв тооцоотойгоо уялдуулж гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах чиглэл өгсөн. Цаашид олон хүүхэдтэй гэр бүлийг хэрхэн дэмжих бодлогыг хуульчилж, хуулиар зохицуулах, тухайлбал хүүхдийнх нь тооноос хамааран гэр бүлд ямар дэмжлэг үзүүлж болох талаар хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болголоо.
Тогтоолыг заалт болгоноор хэрэгжүүлэх хугацааг нь тавьсан байгаа. Тухайлбал 2023 он гэхэд хуулийн төсөл оруулж ирэх чиглэлийг өгч байгаа шиг хугацаа хугацаандаа хэрэгжээд явна. Тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 2022 онд нэлээдгүй их ажил хийгдэнэ гэж харж байна. Цаасан дээр гаргаад, хэрэгжүүлэхгүй үлдээчихгүйн тулд Улсын Их Хурал анхаарал тавьж ажиллана. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороонд даалгасан хэмээн ярив.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэлийн алба