Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам”-ыг баталлаа.
“Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэх ажлын хэсгийг 2021 оны наймдугаар сард томилсон ба Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо нар ахалсан.
Журам шинэчлэх нь
- цэргийн цол олгох асуудлыг цэгцлэх,
- цэргийн цолын үнэлэмж, зохистой харьцааг зохицуулах,
- цэргийнхний нэр хүндийг өсгөх,
- цэргийн алба хаагчдын албандаа итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх,
- алба хаагчдын өөрийгөө хөгжүүлэх, боловсруулах хөшүүрэг болох зэрэг зорилготой байв.
Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд цэргийн цол хэрэглэдэг байгууллагуудын эрх зүйн асуудлаар гаргасан анхны шийдвэр юм.
Шинэ журамд бэлтгэл үүрэгтний цолыг хавтгайруулан олгодог тогтолцоог халсан, ахлах болон дээд офицеруудад тавигдах боловсролын шаардлага өндөрссөн байна.
Мөн цэргийн цолын нийтлэг стандарттай болж гадаадын цэргийн сургуульд сурч байгаа алба хаагчдад хугацааны цолыг нь олгодог болох заалтууд оржээ.
Эх сурвалж: ЗХЖШ