Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг хүргэж байна.
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
Эрхэм хүндэт Үндсэн хууль тогтоогчид оо,
Монгол Улсын нийт ард иргэд ээ,
Эрхэм зочид оо,
Та бүхэндээ Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойн баярт өдрийн мэнд дэвшүүлье.
Бидний монголчууд төрт ёс, хууль цаазын олон мянган жилийн түүхэн уламжлалтай ард түмээн. Их Монгол улсын төрийн үндсэн гол хууль “Их засаг” найман зууны, Бүгд найрамдах Монгол улсаа тунхаглан зарласан Анхдугаар Үндсэн хууль нэгэн зууны түүхтэй.
Харин эдүгээгээс яг 30 жилийн өмнө, яг энэ өдрийн морин цагт буюу 11 цаг 35 минутад Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулганаар баталсан шинэ түүхтэй, ардчилсан, чөлөөт Монгол улсын ард иргэд та бид билээ.
Монголын ард түмэн бид:
- улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
- хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
- төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
- хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
- эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан.
Түүхийг хүмүүс бүтээдэг. Гэхдээ хүн бүхэн түүх бүтээгч байж чаддаггүй. Харин 30 жилийн өмнө Монгол Улсын зорин тэмүүлэх шинэ замын эхлэлийг тавьж, шинэ ирээдүйн гэрэлт бамбарыг асаасан ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталсан Үндсэн хууль тогтоогчид, АИХ-ын 430 депутат, УБХ-ын гишүүд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын гишүүд, тэдний ар талд техник, зохион байгуулалт, арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан Улсын Бага Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын ажилтнууд, сэтгэл итгэлээ зориулсан олон мянган хүмүүс бол жинхэнэ ёсоор түүх бүтээгчид юм.
Монголын шинэ түүхийг бүтээн туурвигч Та бүхэндээ тэгш дүүрэн 30 жилийн ойн баярын мэндчилгээг УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, ажил үйлсийн өрнүүн амжилт, амьдралын баяр жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Түүхийн эгзэгтэй цаг үеүдэд монголчууд эв саналаа нэгтгэж, нэгэн зүгт зориглон хөдөлдөг эрхэм чанараараа тухайн үеийн МАХН, шинэ улс төрийн нам, эвслүүд, Монголын нийт ард түмэн зорилго тэмүүллээ нэгтгэн, зөвшилцөл ойлголцлыг бүрдүүлж зүтгэсний үр дүнд шинэ Үндсэн хууль батлагдсан. Гучин жилийн ойн өдөр Үндсэн хууль маань хэрхэн батлагдсан талаарх түүхийг товчхон сөхөх нь залуу хойч үеийнхэнд түүхэндээ бодитоор хандах ач холбогдолтой хэмээн үзэж байна.
1980-аад оны сүүлчээр марксизм- ленинизмийн онол, нэг намын үзэл суртлыг удирдлага болгосон төвлөрсөн төлөвлөгөөт, захиран тушаах тогтолцоо ганхаж, дэлхий даяар социалист систем задарч, бүрэлдэхүүнд нь байсан улс орнууд хөгжлийн шинэ замыг сонгох сонголтын өмнө тулж очсон билээ.
Энэ шинэ уур амьсгалын нөлөөгөөр Монголын нийгэмд үүсэн бий болсон нөхцөл байдал Үндсэн хуулийн өөрчлөлтийг шаардаж байлаа. Энэ шаардлагыг тухайн үеийн нам, төрийн удирдлага ч ойлгон анзаарч 1988 онд “БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуулийг шинэчлэн найруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх комисс”-ыг нам, төрийн тэргүүн Жамбын Батмөнхөөр ахлуулан байгуулсан байдаг.
Энэ үед ардчилал, шинэчлэлийн үзэл санаа нийт нийгмийг хамарч, 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Олон улсын хүний эрхийн өдөр Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсанаа албан ёсоор зарласны араас шинэ эвсэл, хөдөлгөөн, холбоод байгуулагдаж, улмаар улс төрийн намын зохион байгуулалтад шилжсэн билээ.
Шинэ байгуулагдсан улс төрийн хүчнүүд олон намын тогтолцоог зөвшөөрөх, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах, эрх баригч намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах, АИХ-ыг шинэчлэн байгуулах зэрэг шаардлагыг тавьж байв. Улмаар 1990 оны гуравдугаар сарын 9-ний өдөр МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоо мэдэгдсэнээр тухайн үеийн төр засгийн болон улс төрийн шинэ хүчний төлөөллүүд хэлэлцээрийн ширээний ард суусан билээ.
Тэд нийгмийн ардчилал, өөрчлөн байгуулалтын явцад эх орон, улс үндэстнийхээ эв нэгдэл, эрх ашгийг эрхэмлэн дээдлэх, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлан, түүнд нийцсэн үйл ажиллагаа явуулахаа ард түмэндээ мэдэгдэж, Хамтарсан тунхаглал гаргасан нь ардчилсан хувьсгалыг тайван замаар өрнүүлэх эх үндэс болсон юм.
Үндсэн хуулийг шинэчлэх үйл явц хоёр үе шаттай хэрэгжсэн билээ. Эхний шатанд 1990 оны гуравдугаар сард БНМАУ-ын АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн VIII чуулган Үндсэн хуулиас МАХН-ын төр, нийгмийн удирдан чиглүүлэх чиг үүргийг халж, олон намын тогтолцооны эрх зүйн үндсийг тавьсан юм. Улмаар 1990 оны тавдугаар сарын 10-нд IX чуулганаараа БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль, БНМАУ-ын АИХ-ын депутатуудын сонгуулийн тухай хуулийг баталсан нь манай улсад анхны олон намын оролцоо бүхий ардчилсан сонгууль явуулж, төрийн тогтолцоог БНМАУ-ын Ерөнхийлөгч, АИХ, УБХ гэсэн цоо шинэ бүтэцтэйгээр зохион байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн билээ.
Анхны чөлөөт ардчилсан сонгууль 1990 оны 7-р сард болж, сонгуулийн үр дүнд бүрдсэн АИХ-аас БНМАУ-ын анхны Ерөнхийлөгчийг сонгож, байнгын ажиллагаатай хууль тогтоох байгууллага УБХ-ыг олон намын хувь тэнцүүлсэн төлөөллийн үндсэн дээр байгуулсан нь манай оронд өрнөх улс төрийн шинэтгэлийн цаашдын чиг баримжааг тодорхойлсон.
Улсын Бага Хурал шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатаар ахлуулан, комиссын орлогч даргаар УБХ-ын орлогч дарга Кинаятын Зардыхан, нарийн бичгийн даргаар УБХ-ын нарийн бичгийн дарга Бяраагийн Чимид нарыг томилж, бүрэлдэхүүнд нь Засгийн газрын Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, УБХ-ын байнгын хороодын дарга нар, улс төрийн 6 намын дарга зэрэг 16 хүнийг оролцуулан байгуулсан юм. Ингэснээр Үндсэн хуулийн шинэтгэлийн үйл явц хоёр дахь шатандаа орсон түүхтэй.
Комиссоос боловсруулсан Үндсэн хуулийн төслийг 1991 оны дөрөвдүгээр сарын 19-нд “Монгол Улсын Их цааз” нэртэйгээр УБХ-д өргөн барьсан байдаг. Төслийг УБХ зүйл, заалт бүрээр 2 удаа нягтлан хэлэлцээд Тогтоол гаргаж, Төрийн төв хэвлэлд нийтлэх, 1991 оны зургадугаар сарын 1-нээс 1991 оны есдүгээр сарын 1-нийг хүртэл ард нийтээр хэлэлцүүлэх, ард нийтээр хэлэлцүүлсэн дүнд үндэслэн эцэслэн боловсруулж 1991 оны аравдугаар сарын 1-ний дотор УБХ-д өргөн мэдүүлэхийг Комисст даалгасан.
Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс олон орны Үндсэн хуулийг харьцуулан судалж, гадаадын шинжээчдийн саналыг сонсож, олон улсын бага хурал, бүсчилсэн зөвлөгөөн зохион байгуулж, төслийг ард нийтээр хэлэлцүүлсэн. Эдгээрт үндэслэн эцэслэн боловсруулсан “Их цааз”-ын төслийг УБХ-аар хэлэлцэн зохих нэмэлт, өөрчлөлт оруулаад, АИХ-д 1991 оны 11-р сард өргөн барьжээ.
Ард нийтийн хэлэлцүүлэгт тухайн үеийн сонгуулийн эрх бүхий 1.1 сая хүний 900 гаруй мянга нь оролцож, тэдгээрээс 200 гаруй мянган санал төсөл боловсруулах Комиссын хаягаар ирсэн байдаг. Энэ бол шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах үйл явц Монголын нийт нийгмийг хамарч, төр улс, түмэн олон, шинэ, хуучин улс төрийн намууд гээд бүхий л түвшинд өндөр идэвх, чин сэтгэлээр асуудалд хандаж, эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөөх эрмэлзэл тэмүүллээр Монгол Улс тэр чигээрээ оргилж байсны илэрхийлэл юм.
Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг АИХ-ын танхимд 76 хоног үргэлжилж, 400 гаруй депутат оюун бодлоо мэтгэлцэн уралдуулж, улс төрийн зөвшилцлийг хангах, депутатуудын бүлгүүдийн байр суурийг нэгтгэн нэг мөр ойлголтод хүрэх ээдрээ, түвэгтэй замыг туулсны эцэст “ардчилсан” хэмээх нэрээр түүхэнд үлдсэн шинэ Үндсэн хуулиа 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан билээ.
Шинэ Үндсэн хуулийн эхийг ёсчлох хуралдаан дээр АИХ-ын дарга Жамбалдоржийн Уртнасан агсан “Энэ баярт мөчийг та бид зүрх сэтгэлдээ хадгалж, хойч үе маань түүх болгон дурсах болно. Үүний учир бид Үндсэн хуулиа даяар олноо зарлан тунхаглаж байна. Та бид оносон аваас үр ач нар минь баярлан талархаж, алдсан аваас залруулах эрх тэдэнд маань үлдэх болно. Одоо гагцхүү туурвиж бүтээсэн Үндсэн хуулиа дээдэлж хэрэгжүүлэхэд хүчин зүтгэх л үлдлээ” гэсэн нь өнөөгийн бидний ямагт сэрж мэдэрч байх ёстой үнэт зүйл билээ.
БНМАУ-ын АИХ, түүнийг бүрдүүлсэн 430 депутат 2 сар гаруйн хугацаанд ардчилсан ёс, хүний эрх, улс төр, эдийн засаг, оюун санааны эрх чөлөө, нийгэм-төрийн байгууллын цоо шинэ тогтолцоог шинэ Үндсэн хуулиараа тунхаглан зарласан түүхэн гавьяатай.
Монгол Улсад ийнхүү ардчилсан хувьсгал тайван замаар ялалтад хүрч, бүх ард түмний чөлөөт сонгуулиар төрийн дээд эрх барих байгууллагаа сонгон байгуулж, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шинэ үеийг эхлүүлсэн юм.
Зуун найман жилийн өмнө 1914 онд Богд хаант Монгол Улсаас “Улсын Дээд, Доод хурал байгуулсан тухай бичиг”-тээ дурдсанчлан “Улсын хүчин чийрэг бат, эдийн засаг элбэг дэлбэг, хүн бүрт хүрэлцэж, гэр бүр баян тавиу, дотоодод ариун тодорхой, гадаадад найртай түвшин болох явдлыг өдөр бүр эрмэлзэн, цаг бүр чармайн” байсан хүсэл зорилго биелэн бүтэх үндэс суурь нь ийнхүү шинэ, ардчилсан Үндсэн хуулиар тавигдсан билээ.
Түүнчлэн 1920 оны “Монголын шинэ Ардын засаг байгуулах үндсэн журам”-д “Ард олны дундаас сонгож байгуулах засаглалыг тогтоохыг эрмэлзэж буйгаа дурдаад, “Ийнхүү Ардын засгийн хамаг үйлдвэр явдал нь олон түмний засгийг сонгох лугаа адил сонгосон тогтмол хугацаагаар тавигдсан, ардын төлөөлөгчдийн их хуралдааны шалгалтад байх амой” хэмээсэн үзэл баримтлал жинхэнэ ёсоор хэрэгжин биелэх бодит боломж бүрдсэн юм.
Шинэ Үндсэн хууль маань өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн тогтолцоо, улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд эргэлтийн шинжтэй олон шилжилт, өөрчлөлтийг авчирч, хүний эрх, эрх чөлөөний баталгааг олон улсын түвшинд баталгаажуулсан юм.
Үндсэн хуулиа баталж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн шинэ тогтолцоонд шилжих шилжилтийг улс төрийн болон эдийн засаг, нийгмийн хүрээнд нэгэн зэрэг хэрэгжүүлснээрээ Монгол Улс бүс нутгийн хэмжээнд төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хэмжээнд үлгэр жишээ болж байна хэмээн үнэлэгддэг билээ.
1992 оны Үндсэн хууль нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, төрийн байгууллын тогтвортой байдал, эрх мэдэл хоорондын хяналт-тэнцэл, улс төр, эдийн засаг, нийгэм , соёлын харилцааны бат суурь болж байна. Иргэд маань Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөгөө эдэлж, өөрийн өмч, үзэл бодол, итгэл үнэмшилтэй, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой, шударгаар хөдөлмөрлөж, нийгмийн халамж дэмжлэг хүртэх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхээр бүрнээ хангагдсанд шинэ Үндсэн хуулийн маань гол ололт, түүхэн ач холбогдол оршиж байна.
Монгол Улсын Үндсэн хууль цөөнгүй сорилт, шалгалтыг давж, гурван арваныг тууллаа. Манай Үндсэн хууль урт хугацаанд, тогтвортой үйлчлэх чадвартайгаа харуулж, хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдал, төрийн тогтолцооны талаарх олон нийтийн санаа бодолд эерэг үнэлгээ давамгайлж байдаг. Гэсэн хэдий ч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явц өрнөж, 2000 онд Үндсэн хуулийн зарим заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хожмоо “дордуулсан 7 өөрчлөлт“ хэмээн нэрлэгдэж, олон нийт, судлаач эрдэмтдийн шүүмжлэлд өртсөн билээ.
Түүнчлэн 2011-2015 онд УИХ, гишүүдээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж нийгэмд тулгамдсан асуудлуудыг Үндсэн хуулийн түвшинд зохицуулах хэд хэдэн удаагийн санаачилга гарч, зарим төсөл өргөн баригдсан боловч парламентаар хэлэлцэх боломж бүрдээгүй юм. Энэ асуудлыг үе үеийн УИХ анхаарч ирсэн бөгөөд Эрдэмтэд судлаачдын баг Үндсэн хуулийн хэрэгжилтэд иж бүрэн судалгаа үнэлгээ дүгнэлт хийж, 2016 оноос Засгийн газар, УИХ-аас ажлын хэсгүүд байгуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг судалж, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, ард иргэд олон нийтийн санаа бодлыг тандан тодорхойлсон билээ.
Энэ бүгдэд үндэслэн Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон даяар хэлэлцүүлсний үндсэн дээр 2019 онд Улсын Их Хурал уг төслийг Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу 5 сар шахам хугацаанд улс төрийн бүх нам, иргэд,олон нийтийн өргөн оролцоог хангасны үндсэн дээр хэлэлцэн баталсан.
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь ард түмний засаглах эрхийг ханган, парламентат ёсоо бататган бэхжүүлэх, хөгжлийн бодлого төлөвлөлт, байгалийн баялгийг ашиглахад баримтлах зарчмыг тодорхойлж, УИХ-ын хариуцлага, хяналтыг сайжруулах, улс төрийн нам, түүний санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн.
Өдгөө энэхүү нэмэлт, өөрчлөлтийг ажил хэрэг болгох Эрх зүйн хувьсгалын үйл явц өрнөж байна.
Улсын Их Хурлаас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хууль, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай, Төрийн аудитын тухай, Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулиудын шинэчилсэн найруулга, тэдгээрийг дагалдсан холбогдох хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталж, мөрдүүлж эхлээд байна.
Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжсэн 30 жилийн замналаас үзэхэд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэс суурь болсон хууль хоорондын уялдаа холбоо бүрэн төгс биш, үүнээс үүдэн хяналт-тэнцлийн механизм бүрэн төгс болсонгүй. Саяхан баталсан Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль энэ асуудлыг шийдэх нэг чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талаас нь хийх бас нэг чухал алхам нь Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гүйцэтгэх засаглалын хариуцлагын тогтолцоог нарийвчлан тусгах явдал юм.
Хуулийг батлаад орхихгүй, хэрэгжилтэд нь мониторинг хийж, үзэл баримтлалынхаа дагуу хэрэгжиж байгаа эсэхэд эргэх хандлагаар иргэд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэлтэй хамтран хянах, нийтийн сонсгол хийх энэ шинэ тогтолцоо парламентын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлнэ.
Хяналт, сонсгол, мэдээлэл судалгаа хийснээр хууль тогтоомжийн зөрчил, хуулийн хийдэл, давхцал гарч байгаа эсэхийг илрүүлэн мэдэх, хууль тогтоомжийг системчлэх асуудалд шинжлэх ухааны судалгааны үндсэн дээр хандах боломж бүрдэх юм.
Хууль тогтоох байгууллагын баталсан суурь хуулиудыг дагаж гарсан хуулиуд нь давхардалгүй, зөрчилгүй, хийдэлгүй байж чадвал эрх зүйн шинэтгэл үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэнэ. Ингэж байж эрх зүйн систем бүхэл тогтолцоо болно. Эрх зүйн салаа утгагүй, тодорхой байдлын зарчим, хууль хэрэглээний тогтвортой байдлыг Засгийн газар, Шүүх, Үндсэн хуулийн цэц хангах ёстой. Эргэх хандлагын хяналтыг УИХ хийж, хууль системтэй, зөв хэрэгжсэнээр эрх зүйт, авлигагүй, шударга төр төлөвших болно.
Энэ хүрээнд эхний ээлжинд хүнээс хамаардаг бус, хууль засагладаг шударга, хараат бус шүүхийн тогтолцоог бүрдүүлэх ажил эрчимтэй өрнөж байна.
Энэ бол зөвхөн эхлэл бөгөөд цаашид улс орны эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, ард түмэн маань баялгийнхаа жинхэнэ эзэд байж, үр өгөөжийг нь хүртэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг ёс зүй, сахилга хариуцлагад суурилах, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах зэрэг чиглэлээр цөөнгүй хууль батлан гаргах шаардлагатай байна.
Коронавируст цар тахлын нөхцөлд бүх байгууллага, иргэд зохицон ажиллаж амьдрах, төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах шаардлага нэн тулгамдаж байна. Энэ чиглэлээр холбогдох хэд хэдэн хуулийг УИХ батлан гаргасан. Цахим шилжилт нь хүнд суртал, зардал чирэгдэл, авлига үүсэх орчин, нөхцөлийг арилгахад чухал хөшүүрэг болох нь дамжиггүй юм.
Өөр нэг анхаарал татсан асуудал бол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийн асуудал мөн. Үндсэн хуулийн 58.1-д заасны дагуу эдийн засаг, нийгмийн цогцолбор байх учиртай нэгжүүдэд тодорхой эрх мэдлүүдийг олгох замаар төсвөөс хараат бусаар биеэ даан хөгжих боломжийг бүрдүүлэх нь нэн чухал зорилт мөн.
1912 онд Монгол Улс дөрвөн аймаг, хоёр хязгаар, 129 хошуунд, 1923 онд 6 аймаг, 110 хошуунд хуваагддаг, тухайн бүс нутгийн байгаль, цаг уурын онцлог, аж ахуй эрхлэх амьдралын хэв маягтай уялдан зохицсон байв.
Түүнээс хойших социалист байгууллын он жилүүдэд сумдыг нийгэм, эдийн засгийн цогцолбор буюу сум, нэгдэл болгон хөгжүүлж байсан ч өдгөө үндсэн бүтэц нь алдагдсанаар өнөөгийн байдлаар Монгол Улсын 21 аймгийн 330 сумын дийлэнх нь төсвийн татаасаар амиа аргацааж байна.
Нийт сумдын 51.7 хувь нь жижиг буюу 3,000-аас доош, 30.1 хувь нь жижгэвтэр буюу 3000-5000 хүртэл хүн амтай байгаа одоогийн нөхцөлд хоршооллын зарчмаар буюу нийгэм-эдийн засгийн цогцолбор болгон хөгжүүлж, сумын иргэд, малчдын амьдралыг шинэ шатанд гаргаж байж төвлөрөл саарч, хөдөө хөгжих болно.
Тиймээс улсынхаа нийгэм, эдийн засгийг Тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн бүс нутгаар хөгжүүлэх, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүхэнд хүртээмжтэй хүргэх зэрэг шаардлагад нийцүүлэн засаг захиргааны тогтолцоог дорвитой шинэчлэх цаг болсон гэж үзэж байна.
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албаны чадавхийг бэхжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Төр нь сайн түшээгийн хүчинд л тогтвортой, дархлаатай байж чадна. Дархлаатай төр л даяар олныхоо итгэлд бат оршино. Тиймээс эдүгээгээс нэгэн зууны өмнө өвөг дээдсийн минь төрийн албанд зарчим болгон тогтоож байсан “…ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх, олны тусыг эн тэргүүнд бодох, цэвэр шударга, зусарч бялдууч биш, эрх ямбатанд нүүрчилдэггүй” алба хаагчидтай болох нь төрд сахилга хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэхээс эхлэх учиртай. Монгол төрд алба хаших түшээдийг ёс зүй нь эерэг, мэдлэг чадвар нь нийцтэй, сэтгэл зүтгэл нь тууштай байх шалгуураар, алагчлалгүй сонгон бүрдүүлэх тогтолцоо, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.
Эрхэм нөхөд өө,
Үндсэн хуулиа дээдлэн хүндэтгэх, зүйл заалт нэг бүрийг мэдэж, ёсчлон сахидаг болох нь иргэн бүрийн журамт үүрэг билээ. Үүний тулд иргэддээ Үндсэн хуулийн боловсрол олгох ажлыг шат дараатай, зорилго чиглэлтэй хийх ёстой гэж УИХ үзэж байна. Ард түмний засаглах эрхийг хангаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад ч энэ үйл ажиллагаа нэн чухал юм. Тиймээс УИХ-ын Тамгын газар “Парламентын боловсрол” хөтөлбөрийг эхлүүлж, эхний ээлжинд 12-17 насны хүүхэд багачуудад зориулсан Үндсэн хууль, парламентат ёсны сургалтын гарын авлага, хөтөлбөр боловсруулаад байна.
Үндсэн хуулийн үзэл баримтлалыг гажуудалгүй хэрэгжүүлэхийн тулд улс төрийн намуудын үүрэг, оролцоог дээшлүүлж, хүлээх хариуцлагыг сайжруулах нь тулгамдсан асуудал мөн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт , өөрчлөлтийн дагуу УИХ-аас Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Эдгээр хуулийг батлан мөрдүүлснээр манай нийгмийн улс төрийн тогтолцооны цөм болсон улс төрийн намуудын үйл ажиллагаа шинэчлэгдэж, иргэд, олон нийтийн бухимдлыг төрүүлж буй олон сөрөг үзэгдэл, гажуудал арилж, улс төрийн намууд жинхэнэ ёсоор төлөвшин хөгжихөд чухал түлхэц болно.
Монголын ард түмний Үндсэн хуулиараа тунхаглаж, эргэлт буцалтгүй сонгосон парламентын ардчилсан засаглал, төрийн эрх мэдлийн хуваарь, харилцан хяналт- тэнцэл цаашид баттай хадгалагдах нь бидний сонгосон замын найдвартай хөтөч мөн гэдэгт эргэлзэхгүй байна.
Үүний тулд ”Хэрэв хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл хоёулаа ганц хүний юм уу, нэг байгууллагын гарт орвол эрх чөлөө байхгүй болж, дарангуйлал тогтоно. Хэрэв шүүх эрх мэдэл нь гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлээс ангид бус бол эрх чөлөө мөн л байхгүй гэсэн үг. Хэрэв тэр нь хууль тогтоох эрх мэдэлтэй хослох аваас иргэний амьдрал, эрх чөлөө хэмжээлшгүй дарангуйлалд унана гэсэн үг. Яагаад гэвэл шүүгч хууль тогтоогч болж хувирна. Хэрэв шүүх эрх мэдэл нь гүйцэтгэх засаглалтай нэгдэх аваас шүүгч нар дарангуйлагчийн эрх мэдэлтэй болдог. Ганц хүнд юм уу, түшмэд сурвалжтанууд, эсвэл нэг байгууллагад хууль тогтоодог, төрийн тогтоол, зааврыг хэрэгжүүлдэг, гэмт хэрэг, иргэдийн маргаан шүүдэг энэ гурван эрх мэдэл төвлөрөх аваас бүх юм өнгөрлөө гэсэн үг” гэж аугаа сэтгэгч, соён гэгээрүүлэгч Шарль де Монтескье хэлснийг бид ямагт санаж явах ёстой.
Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй шинжилгээ, судалгаа хийх хэрэгцээ, шаардлага байсаар байна. Энэ чиглэлээр эрдэмтэн судлаачдын хийж буй судалгааны ажлыг дэмжиж, эрчимжүүлэх нь зүйтэй гэж УИХ үзэж байгаа.
Үндсэн хуулиа дагаж мөрдөж ирсэн 30 жилийн үйл явцыг шинжлэх ухааны үндэстэйгээр дүгнэж, Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал, агуулга, үзэл санааг тууштай мөрдөн хэрэгжүүлэх асуудлаар эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү бага хурал дээр яригдсан асуудал, санал, зөвлөмжийг манай төр засгийн бүхий л эрх мэдлийн байгууллагууд анхааралтай авч үзэж үйл ажиллагаагаа Үндсэн хуулийнхаа агуулгад нийцүүлэх, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиа дээдэлж, түүний агуулга, үзэл санааг ойлгож, амьдрал, ажил үйлстээ мөрдөж, эх орныхоо хөгжил, дэвшлийн төлөө чин сэтгэлээр нэгдэн нягтрахыг түүхт ойн энэ өдөр нийт иргэддээ хандан уриалж байна.
Үндсэн хуулийнхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа өнөөдрөөс эхлэн дараа оны нэгдүгээр сарын 13 хүртэл үргэлжлэх учиртай. Энэ нэг жилийн хугацаанд Үндсэн хуулиа сурталчлан таниулах, үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн мэдлэгийг иргэд, хүүхэд залуустаа олгох чиглэлээр түлхүү анхаарах ёстой. Ирээдүйн төлөөх энэ үйл хэрэгт эрхэм хүндэт зочид, Үндсэн хууль тогтоогчид та бүхний оролцоо, хувь нэмэр чухал гэдгийг эцэст нь тэмдэглэж хэлье.
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн үзэл санаа улам улмаар түгэн дэлгэрэх болтугай.
Монгол эх орон минь мөнх оршиж, төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан оршиг ээ.
Төрийн ордон, Улаанбаатар хот 2022.01.13
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс