Үндэсний аудитын газраас төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо, чиг үүргийн хэрэгжилтэд аудит хийжээ.
Дүгнэлт гарган зөвлөмж боловсруулж, УИХ болон холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүллээ. Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо оновчтой эсэх, чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж байгаа, эсэхэд аудитын зорилтыг чиглүүлэн ЗГХЭГ, Сангийн яам, төсвийн ерөнхийлөн захирагчид, тэдгээрийн харьяа агентлаг, байгууллагуудын дотоод аудитын үйл ажиллагааг хамруулан аудитыг гүйцэтгэжээ.
Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартад нийцээгүй, үйл ажиллагаа төлөвшөөгүй, нэгдсэн удирдлага зохион байгуулалтгүй байна. Үндэсний аудитын газраас холбогдох гурван газарт зургаан зөвлөмж хүргүүлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг зөвлөжээ.
Төсвийн тухай хуулийн нэр томьёоны бүлэгт дотоод аудитыг “төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагаа” гэж тодорхойлсон нь олон улсын стандартад заасан тодорхойлолт, зарчимд нийцэхгүй байна.
Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоог төвлөрсөн бус загвартай байхаар заасан боловч тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.11-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь “Төсөв, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулж, удирдлагаар хангах” бүрэн эрхтэй гэж тодорхойлсон нь бусад төрлийн дотоод аудитыг арга зүйн удирдлагаар хангах субъектийг хуульд тусгаагүй байна.
Төсвийн тухай хуульд улсын салбарын дотоод аудитын тогтолцоог төвлөрсөн болон төвлөрсөн бус хэлбэрийг хослуулсан байхаар тусгасан нь чиг үүрэг давхардах, үр нөлөө буурах, нэгдмэл удирдлагыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна. Тухайлбал:
▪ Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-д “Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна”, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4.7-д “Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудиторт санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, ахлах байцаагчийн эрх олгож болно” гэж заасан нь хоорондоо зөрүүтэй байна.
Дотоод аудиторт санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрх олгож байгаа нь олон улсын стандартын үндсэн зарчимд нийцэхгүй байна.
Дотоод аудитын эрх зүйн орчныг сайжруулж, тогтолцоог оновчтой болгон, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-д “дотоод аудитад … зөвхөн санхүүгийн үйл ажиллагаа хамаарна” гэж заасныг Олон улсын мэргэжлийн практикийн хүрээний заавал дагаж мөрдөх шаардлага, дотоод аудитын зорилго, тодорхойлолт, үндсэн зарчим, стандартад нийцүүлэх шаардлагатай байна.