Шүүгч нар хууль бус үйлдэл гаргасан гэх асуудлаар иргэн Б.Хандсүрэн мэдээлэл хийлээ.
“Бүлэглэлийн эсрэг миний бие монголын ард түмний баялаг 30 жилийн өмнө юу болсон бэ гээд шүгэл үлээж явсан. Би нэг хүүтэй. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд хүүг маань хууль бусаар баривчилж, нэг хоног эрүүдэн шүүсэн. Байцаагч нарыг нь АТГ-т өгч шалгуулсан. Прокуророос одоогоор ямар нэгэн бичиг ирээгүй байгаа” хэмээн мэдээллийн эхэнд иргэн Б.Хандсүрэн хэлэв.
Үргэлжлүүлэн Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч С.Болорчулуун “Хэрэг дээр нь ажиллахад шүүх болон хууль хяналтын байгууллагуудаас процедурын алдаанууд гарсан байна.
Хүүг нь шүүх гэм буруугийн шүүх хурал дээр гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй орсон. Тухайн хэргийг шүүж байсан шүүгч нар хурлын завсраар гарч орох, шөнийн цагаар шүүх хурлыг явуулах, манай үйлчлүүлэгчийн буюу шүүгдэгчийн эцсийн үгийг хэлүүлэхгүй байх гэх мэтээр эрхийг нь ноцтой зөрчсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль шүүхийн шийдвэр болон тэмдэглэл нь тодорхой хуулийн хугацаанд гарах ёстой. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс шийдвэр болон хурлын тэмдэглэлүүд нь зохих хугацаандаа гараагүй. Учрыг лавлахад н.Алтанцэцэг шүүгч ар гэрийн гачигдал гарснаа хэлсэн.
Гэх мэт үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн н.Алтанцэцэг шүүгчийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулсан, хуульчийн ажиллагааг хууль бусаар хийсэн, өмгөөлөгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэх асуудлаар АТГ-т шалгуулна. Мөн шүүхийн ёс зүйн хороонд гомдлоо өгнө. Олон нийтэд мэдээлэхгүй болохоор дээд шатныхан нь хаагаад байна” гэв.