Цагаан хад боомтоос ачаа тээвэрлэдэг 4000 жолоочийн гэр бүлийнхний төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгуулж, хилийн гацааны улмаас бүтэн зургаан сарын турш гэртээ ирээгүй, ээлжээ хүлээсэн жолооч нар байгаа талаар мэдээлэл өглөө.
Цагаан хаданд бөмбөлгийн зарчим үйлчилж эхэлсэн. 10-30 хүнийг нэг баг буюу нэг бөмбөлөгт оруулсан. Нийт 150 бөмбөлөг үүссэн юм.
Жолооч нар Цагаан хаданд тусгаарлагдан, шинжилгээ өгдөг. Тээвэрчид ямар нөхцөлд амьдарч байна вэ гэвэл цэвэр үсгүй, цахилгаангүй. 21-р зуун болчхоод байхад төсөөлөх аргагүй орчинд амьдарсаар байна. Зарим хүн очиж үзсэн бол мэднэ. Жолооч нар монгол гэрт амьдардаг.
Нэг бөмбөлгийн нэг жолоочоос халдвар илэрвэл тухайн бөмбөлгийн бүх жолоочийг хил нэвтрүүлдэггүй, хүлээлгэчихдэг.
Тусгаарлагдах хугацаанд маш их үргүй зардал гарсаар байна. Цагаан хаданд хамгийн сүүлд тооллого хийхэд 5200 жолооч байжээ. Гэхдээ энэ тоо хөөстэй. 30 хоног хүлээхэд олон сая төгрөг зарцуулж байна. Өдөрт 100 хүрэхгүй машин л урагшаа хил нэвтэрдэг. Энэ хооронд жолооч нар хүлээж цаг алдсаар байна. Тээврийн компаниудын зардал ихээхэн өслөө.
Хилийн боомтын зөвлөл, Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтнүүдтэй хамтран хуваарь гаргадаг. Жолооч нар нэлээн шаардаж шахсаны эцэст хуваарь гаргадаг болсон. Өмнө нь хуваарь ч байгаагүй. Хэдхэн хүний ашиг сонирхол одоо ч үргэлжилсээр байна. Хилийн боомтын зөвлөл, Авто тээврийн үндэсний зөвлөл нэг нэгэн рүүгээ чихсээр хэн хилийн гацаанд хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Эдгээр байгууллагын алан тушаалтнууд өөрсдийн танил тал бүхий машинаа л хилээр гаргадаг. Одоо нийт 270 бөмбөлөг бий.
Удахгүй Цагаан сар болно. Гэтэл 6000 жолоочийг Цагаан хаданд авчирч, асуудлыг даамжруулсан. Хил нэвтрээгүй буюу ажил хийгээгүй, орлогогүй болсон жолооч нарыг түрүүлж хил нэвтрүүлэх шаардлагатай байна.
Шадар сайдад бид хандсан. Замын-Үүдийн асуудлыг шийдэж байгаа юм байна. Одоо Цагаан хадны асуудлыг шийднэ үү. Шадар сайд Цагаан хаданд өөрөө ирж, танилцаач ээ.
Жолооч нар хэзээ тээвэрт явах бол гэж хүлээсээр байна. 60-90 хоногт тээвэрт яваагүй жолооч нарын жагсаалтыг Хилийн зөвлөл гаргаж, үүнд хяналт тавих хэрэгтэй байна. Төрийн албан хаагчид 14 хоногийн хугацаатай ажиллаад, буцаад явчихдаг. Дараагийн хүн нь очоод өөр шийдвэр гаргаж, хүндрэл учруулж байна. Өнөөдрөөс эхлэн жолооч нар шинжилгээний хуваарийг шударгаар гаргах хүртэл эсэргүүцлээ илэрхийлнэ.
Жолооч нар оргил үедээ сард 11 сая төгрөгийн цалин авч байв. Одоо 8 сая төгрөг болсон.
800 орчим жолооч удаан хугацаагаар ажлаа хийгээгүй. Тэдний судалгааг хийгээч гэж хүсэж байна. Тэднийг ажилд нь явуулаад, Цагаан сараас өмнө гэрт нь буцаах хэрэгтэй байна. Гэтэл зарим жолооч сард хэд хэдэн удаа хил нэвтэрч байгаа нь шударга бус. Зарим бөмбөлөг одоо огт хүнгүй болсон.
Тээвэрчдийн ар гэрийнхэн жолооч нарыг цахим бүртгэлд хамруулах саналыг мөн тавив. “Маргаашийн дотор бидэнд хариу өгөхгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Өлссөн хүмүүс ууртай байдаг юм байна. Сангийн яамны гадаа ганцхан ул боовтой таваг засаад жагсана. Өөрсдийнхөө ашиг сонирхлыг хамгаалж буй дарга нарын эсрэг жагсана” гэв.