Өнгөрсөн сард инфляц 13.4 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар өссөн нь 2014 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр түвшин болж байна.
Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 20.4 хувь, ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үнэ 24 хувиар өссөн нь голлон нөлөөлж байгаа аж. Өөрөөр хэлбэл 13.4 хувь гарсны 5.6 нэгж хувь буюу 41.8 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Түүнчлэн тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 21.6 хувиар өссөн нь бас өндөр өсөлт боллоо.
Инфляц 13.4 хувь гарсны 46.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Арван нэгдүгээр сард инфляцын 50.5 хувь нь импортын барааны өсөлтөөс шалтгаалсан гэж Үндэсний статистикийн хороо мэдээлж байсан юм.
Ингэснээр Монголбанк мөнгөний бодлогоо чангатгах дарамт улам ихсэж байна. Энэ нь Монголбанкны мөнгөний бодлогын дараагийн хуралдааны шийдвэр анхаарал татна гэсэн үг юм. Төв банк инфляцыг нийлүүлэлтийн гаралтай гэж үзэж байгаагаас бодлогын хүүгээ нэмээгүй.
Монголбанкны хувьд 2022 оны эхний хагаст инфляц үргэлжлэн эрчимжинэ, харин сүүлийн хагаст зорилтот түвшний интервалд буюу 4-8 хувьд тогтворжино гэсэн хүлээлттэй байна.