Өмнөд Солонгосын эрх баригч Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Ли Жэ Мён өтгөн сайхан үстэй. Харин олон халзан, халзарч байгаа сонгогчид түүний төлөө саналаа өгөх гэж байна. Учир нь Мён сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хэрэгцээтэй хүмүүст нь халзралтаас эмчлэхэд төрөөс мөнгө олгох заалт тусгажээ.
Өмнөд Солонгост алопеци буюу үс нь бүрэн, хагас халзрах асуудалд насанд хүрсэн таван эрэгтэй тутмын нэг нь өртдөг. Ийм асуудалтай эмэгтэйчүүд ч цөөнгүй тулгардаг. Тиймээс Ли Жэ Мён сонгуульд ялсан тохиолдолд хүссэн хүн бүрийг халзралтаа үнэгүй эмчлэхэд нь тусална гэжээ. Гэтэл бусад нэр дэвшигчид түүн шиг ийм тод томруун бөгөөд өгөөмөр амлалт өгөхгүй байгаа нь сонгогчдын анхаарлыг татахгүй байна.
Ерөнхийдөө сонгогчид Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, Сөүл, Вашингтоны харилцаа, коронавирустэй тэмцэх, Өмнөд Солонгосын эдийн засгийн сэргээх зэрэг асуудлыг сонирхох нь багасчээ.
Олон нийтийн сүлжээгээр “Ли Жэ Мён, браво. Бид таныг ерөнхийлөгчийн суудалд суулгана”, “Та халзан хүмүүст итгэл найдвар өглөө” гэсэн комментууд хөвөрчээ.
Мён ийнхүү сонгуулийн хөтөлбөртөө тун өвөрмөц заалт оруулснаасаа хойш олон нийтийн санал асуулгаар өндөр үнэлгээ авч эхэлжээ. Гэхдээ түүнийг улсын төсвийг хямд төсөр бус эмчилгээнд зарцуулж, эрүүл мэндийн даатгалын улсын хөтөлбөрийг тогтворгүй болгох гэж байна, хортон, популист гэсэн хүмүүс ч цөөнгүй байгаа аж.