Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунгийн талаар мэдээлэл өгөх үеэр хүүхдийн вакцинтай холбоотой асуудлыг судалж байгааг хэллээ.
Тэрбээр “5-11 насны хүүхдийн вакцины асуудал хурцаар тавигдаж байгаа. АНУ, Канад, Израил болон Европын холбооны зарим улсад 5-11 насны хүүхдийн вакцинжуулалт эхэлсэн. Манай улсын хувьд шаардлагатай судалгаа шинжилгээг хийж яваа.
Бид Дельта хувилбарын давлагааг хүүхдүүдийн дунд өвчлөл хүндлэл харьцангуй багатай даван туулсан. 5-11 настай хүүхдүүдийн дунд дархлаа тодорхой хэмжээгээр тогтсон ба хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулчихсан байгаа.
5-11 настай хүүхдийн вакцинтай холбоотой асуудлыг судалж байна. Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй” гэв.