Казахстаны тэргүүн Касым-Жомарт Токаев олон улсын алан хядагчид Засгийн эрхийг булаан авахын тулд тус улсад болсон үймээнд оролцсон хэмээн өнөөдөр (2022.01.10) ХАБГБ-ын гишүүн орнуудын удирдагчдын видео хурал дээр мэдэгдэв. Токаев мөн “Казахстаны эсрэг түрэмгийлэлд террористууд, тэр дундаа гадаадын зэвсэгт дайчид шууд оролцсон гэдгийг би итгэлтэйгээр хэлж байна” хэмээжээ.
Мөн тэрбээр “Дээрэмчид шөнө морг руу дайрч, нас барсан хамсаатнуудынхаа цогцсыг авч явсан. Үүнээс гадна тэд байлдааны талбараас дайчдын цогцсыг ч авч явсан байна. Энэ бол олон улсын гарал үүсэлтэй алан хядагчдын хийдэг үйл ажиллагаа юм. Тэд ингэж мөрөө балладаг. Тэд засгийн эрхийг булаан авч, манай нутаг дэвсгэрт эмх замбараагүй байдлын бүс бий болгох төлөвлөгөөтэй байсан.
Зэвсэгт этгээдүүдийн үйл ажиллагааг аль нэг төвөөс сайтар төлөвлөж, зохицуулсан. Жагсагчид бүс нутгийн захиргааны болон хууль сахиулах байгууллага, урьдчилан хорих төв, стратегийн байгууламжууд, банк, телевизийн цамхаг, телевизийн сувгууд руу нэгэн зэрэг халдлага үйлдсэн нь үүнийг нотолж байна.
Нисэх буудлуудыг булаан авч, авто зам, төмөр замыг хааж, Түргэн тусламж болон гал сөнөөгчдийг ажиллах замыг хааж байсан” хэмээн мэдэгдсэн байна.