Манай орны хамгийн олон мөсөн голтой гэгддэг Монгол Алтайн нуруунд цэвдэг гэсэх болж, томоохон мөсөн голууд хайлж үгүй болох аюулд хүрчээ.
Газарзүйч, эрдэмтэн Ж.Цэрэнсодномын судалснаар эл нуруу 240 мөсөн голтой, 702 ам км талбайтай аж. Цаг уур, орчны шинжилгээний газар, Японы Далайн шинжлэх ухаан, технологийн агентлагийн Уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилан судлах хүрээлэнгийнхэн 2005 онд мөсөн голуудыг судлахад талбайн хэмжээ нь 27 хувиар буурсан байжээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн хавар хийсэн судалгаагаар мөсөн голын талбайн хэмжээ 45 хувиар багассан аж.
Тэгвэл Баян-Өлгий аймгийн долоон гайхамшгийн нэгд багтдаг мөсөн гол мөхлийн аюулд хүрсэн болохыг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон байна. Мөн Хархираа уулсынх 37.5, Цамбагаравынх 28 хувиар багассан бол Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр, Хөвсгөлийн уулсын мөнх сарьдаг гэсэх үзэгдэл эрчимтэй үргэлжлэх болжээ.
Мөсөн голууд ийн хөдөлгөөнд орж чимээгүй амь тавих болсон нь агаарын дундаж хэм сүүлийн 10 жилд тасралтгүй нэмэгдсэнтэй холбоотой. Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл манай орны мөсөн голууд 2090 он гэхэд бүрэн хайлж дуусна гэж судлаачид тооцоолж байгаа аж.