Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг өчигдөр /2022.1.9/ хүлээн авч уулзан хоёр тал хилийн боомтын үйл ажиллагааг хэрхэн доголдолгүй явуулах талаар санал солилцжээ. Уулзалтаар хил, гаалийн үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг оруулах, Эрээн боомтод төвлөрсөн ачаа барааг яаралтай татан авах асуудлаар санал солилцсон байна. Мөн чингэлэг тээврийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тиймээс амралтын өдрүүдэд тээвэрлэлт хэвийн үргэлжилсэн болон автозамын тээвэр хийгдсэн эсэхийг тодрууллаа.
Замын-Үүд дэх Гаалийн газраас өгсөн мэдээллээр, 2022 оны нэгдүгээр сарын 8-9-нд автозамаар тээвэрлэлт хийгдээгүй, мөн чөлөөт бүсээр зорчигч, тээврийн хэрэгсэл нэвтрээгүй. Харин төмөр замын тээвэрлэлт хэвийн үргэлжилжээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 8-ны Бямба гаригт төмөр замаар ачаатай хоёр вагон 367 чингэлэг, хоосон 188 вагон 199 чингэлэг орсон бол нийт ачаатай 81 вагон 516 чингэлэг, хоосон 464 вагон 106 чингэлэг гарчээ. Хилийн гаальд 210 чингэлэг шилжүүлэн ачсан байна. Иргэдээс чингэлэг тээвэрлэлт хэзээ тогтмол хийгдэж эхлэх талаар лавлаж байгаа бөгөөд Замын-Үүд дэх гаалийн газар энэ талаар тодорхой хугацаа хэлэх боломжгүй гэсэн юм.
Автомашинуудын тухайд хилээр гарах явц удаашралтай байгаа аж. Учир нь хоёр сар орчим хугацаанд асаагаагүй автомашинууд асахгүй байх, зарим нь түлш нь дууссан зэрэг хүндрэл гарсан. Ассан автомашинуудыг хурдан хугацаанд гаргаж байгааг албаны хүмүүс мэдээллээ.
Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтод анх удаа чингэлэг тээвэрлэлт гэх шинэ горим нэвтэрч байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Эхний ээлжид төлөвлөснөөс удаан тээвэрлэлт явах асуудал гарах тал бий. Гэхдээ Замын-Үүд Эрээний авто замын боомт нээгдсэн нь л чухал байна. Ажил жигдрээд ирвэл чингэлэг тээврийг өдөрт 50 хувьд хүргэхээр төлөвлөсөн гэж Гаалийн газрынхан хэлсэн юм.
Цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол Улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа бараагаар Covid-19 дамжих нөхцөл бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон.
Тус шийдвэртэй холбогдуулан Замын-Үүд, Эрээн хотуудад чингэлэг байршуулах талбай байгуулж, чингэлэг өргөж, буулгах калмарын тусламжтайгаар жолооч нар машинаасаа буухгүйгээр ачаа бараа зөөвөрлөх тохиролцоонд хоёр улс хүрээд буй.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингөөс хил хэзээ нээж, автозамын тээвэрлэлт хийх талаар асуухад “Эхний ээлжид Эрээн талд байгаа ачаатай автомашинуудыг гаргах, гаалийн талбайг чөлөөлөх ажил дуусаад байна. Дараагийн шатны ажил нь халдвар хамгаалалтын үнэлгээг Эрээний талтай хийх. Гуравдугаарт чингэлэгт тээвэр буюу ачилт хийгдэж байгаа. Одоогийн байдлаар гаалийн хашаанд 300-400 чингэлэгт ачилт хийгдсэн байгаа гэсэн. Одоо бол дөрөвдүгээр шатны ажлаа хийж байна. Ачилт хийсэн чингэлгүүдээ гаргахаар ажиллаж байна.
Эрээн талд суугаа Консулаас автозамын тээвэрлэлтийг дахин гурван сараар сунгаж, нээхгүй гэдэг мэдээллийг үгүйсгэсэн. Ямартай ч автозам болон төмөр замын тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэхээр ажиллаж л байна” гэсэн юм.