Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сургалтын систем зайн, цахим хэлбэрт шилжсэн талаар дараах мэдээллийг хийсэн байна.
2019-2020 оны хичээлийн жилд танхимаар хичээллэх нийт өдрийн 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62.5-68.0 хувийг тус тус зайн, цахим хэлбэрээр гэр бүлийн орчинд суралцсан байна. Танхимын сургалт зайн, цахим хэлбэрт шилжсэн хугацаанд боловсрол, сургалтын үйл ажиллагаа тасралтгүй байх зарчим баримтлан 5,756 теле хичээл, 104 интерактив хичээл, 2,775 цахим хичээл, 50 цахим контент, радио болон аудио 30 хичээлийг тус тус бэлтгэн тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор дохионы хэл, тува, казах хэлний орчуулгатайгаар телевиз, радиогоор дамжуулан хүргэх ажлыг телевизүүдийн холбоо, хувийн хэвшил болон олон улсын байгууллага (Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан)-тай хамтран зохион байгуулжээ. Мөн теле хичээлүүдийг онлайн хэлбэрээр www.econtent.edu.mn сайтад байршуулснаар сурагчдыг хүссэн үедээ хичээлээ нөхөж болон давтан үзэх боломжоор хангасан. Теле хичээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас үүрэн холбооны оператор компаниудтай хамтран www.econtent.edu.mn. вэб сайтад байршуулсан теле хичээл болон төгсөх ангийн сурагчдад зориулан www.help.eec.mn, www.eyesh.eec.mn сайт руу үнэ төлбөргүй /дата/ нэвтрэх боломжийг бүрдүүлсэн байна.
Цар тахлын үед төгсөх ангийн сурагчдын хичээл, сургалтад тусгайлан анхаарч, тэдэнд зориулсан онлайн сургалтын талбарыг үүсгэн цахим хичээлийг улсын хэмжээнд X-XII ангид хичээл зааж байгаа шилдэг 602 багш удирдаж, хот, хөдөөгийн сургуулийн ахлах ангийн 30.1 мянган сурагч онлайн хичээлд хамрагдсан. Энэхүү арга хэмжээ нь хөдөөгийн сургуульд сурч байгаа хүүхдэд өөрийн сургуулийн багшийн хичээлээс гадна бусад аймаг, нийслэлийн сургуулийн шилдэг багшийн хичээлд хамрагдах, бусдаас суралцах, хамтран хөгжих боломж олгоход чиглэсэн. Хичээл, сургалтын үйл ажиллагаа зайн, цахим сургалтад шилжсэн цаг үед сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг тэгш хүртээмжтэй хангах үүднээс тэдний онцлог, ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн сурах үйл явц, сургалтын материалд тохируулга хийх, видео, аудио болон подкаст хэлбэрээр цахим хичээлийн агуулгыг хүргэх, ганцаарчилсан дэмжлэг үзүүлэх, шаардлагатай сургалтын хэрэгсэл, төхөөрөмж нийлүүлэхэд Засгийн газар олон улсын хөгжлийн түнш байгууллагатай хамтран ажиллалаа.
Теле хичээлээс гадна сургуулиуд Google Drive, Google Form, Zoom, Moodle зэрэг программуудыг ашиглан цахим анги үүсгэн хичээл, сургалтаа зохион байгуулж, теле хичээлтэй холбоотой тайлбар, давтлага өгөх, сурагчдаас шалгалт, сорил авах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж, шинэ шинэ туршлагууд хуримтлуулж чадсан гэж байлаа.
Зайн, цахим сургалтад шилжсэн цаг үед тэгш, хүртээмжтэй боловсролын үйлчилгээг хүүхэд бүрд хүргэхэд багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчийн хамтын ажиллагааг дэмжихэд бүх талын оролцоо, дэмжлэг чухал байсан. Гэхдээ хүүхдийн амьдарч буй орчин, байршил, гэр бүлийн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, амьдрах хэв маягаас шалтгаалан зайн, цахим хичээлийн хүртээмж, чанар бидний бодсон шиг байж чадсангүй. Тухайлбал, эрчим хүчний хангамж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүртээмжгүй байдал болон бусад шалтгаанаар алслагдсан бүс нутагт амьдарч байгаа өрхийн 178,5 мянган сургуулийн хүүхэд теле болон цахим сургалтад хамрагдах боломжгүй байдалд хүрсэн. Энэ нь биднийг цахим, зайн сургалтаас гадна өөр хувилбаруудыг бий болгох хэрэгтэйг илтгэж байна. Цахим, зайн сургалтын чанар хангалтгүй байсныг эцэг эх, асран хамгаалагч шүүмжилж байна. Багш нарын мэдээлэл харилцаа, технологийн ур чадвар, сургалтын нэгдсэн дэд бүтэц харилцан адилгүй байсан нь чанар хангалтгүй байхад нөлөөллөө. Яамны зүгээс боловсролын цахим шилжилтийн хүрээнд сургалтын нэгдсэн платформыг хөгжүүлэх, багш нарын цахимаар ажиллах чадавхыг сайжруулах, цахим агуулга, хэрэглэгдэхүүний стандарт, шаардлагыг боловсруулахаар ажиллаж байна гэв.