Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг багасгаж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн, ХНХЯ-нд шаардлага хүргүүлсэн.
Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тайлбар мэдээлэл хийж, нөхцөл байдлыг танилцуулав.
Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, халамжийн тэтгэмж авч буй иргэд өнөөдөр хэвлэлийн хурал хийж, халамжийн тэтгэмж КОВИД-19-ийн үед 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэн 288,000 төгрөг олгож байсныг зогсоосон хэмээн эсэргүүцэж, шаардлага ХНХЯ-нд ирүүлсэн.
Шаардлагыг хүлээн авсны дараагаар дээрх иргэдийн төлөөлөлтэй уулзаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд төсвөө батлуулахдаа КОВИД-19-ийг хуулийг үргэлжлүүлнэ гэж төлөвлөөгүй байсан.
Хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдэд нийт 4.3 их наяд төгрөг зарцуулсан. Харин энэ оны төсвийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөв батлуулж, эдийн засгийн идэвхжүүлэлтийг бий болгох нь зүйтэй гэж үзэж байсан. Ингээд КОВИД-19-ийн үед нэмэгдүүлэн олгож байсан тэтгэмжийг хэвийн хэмжээнд нь бууруулж батлуулсан юм. Цар тахлын үед
- Хүнс тэжээлийн тэтгэмжийг хоёр дахин,
- Халамжийн тэтгэмжийг 100,000 төгрөгөөр,
- Хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж байсан.
Энэ арга хэмжээнүүд дотроос айл бүрд хүрч байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хэвээр нь үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан.
Гэвч төсөв батлагдсаны дараа буюу арванхоёрдугаар сард коронавирусийн шинэ хувилбарын мутац үүссэн тул КОВИД-19-ийн хуулийг дахин зургаан сараас үргэлжлүүлэхээр УИХ баталсан. Иймд цар тахлын үед авч хэрэгжүүлж байсан арга хэмжээг хэрхэн яаж үргэлжлүүлэх талаар бид судалж байна.
КОВИД-19-ийн хуулийг хагас жилээр сунгах төслийг өргөн барихдаа төсвийн захирагч хооронд санхүүжилтийг шилжүүлж, тулгамдсан газарт шилжүүлэх, нэмэгдүүлэх боломжийг нээлттэй болгох агуулга оруулсан байсан. Гэвч төсвийн асуудлыг УИХ шийднэ хэмээн баталсан. Иймээс батлагдсан төсөв дотроо багтааж, үйл ажиллагаагаа явуулах юм” гэлээ.
Түүнчлэн тэрбээр “Өнөөдөр мэдээлэл хийсэн иргэдийн төлөөлөлтэй уулзахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалтыг хамтдаа сайжруулах хамтарч ажиллахаар болсон. Мөн тус сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг, эхчүүдийн хөдөлмөрийг хэрхэн үнэлэх вэ, зохистой хөтөлбөрийг яаж гаргах вэ зэрэг ажлыг хийхээр хамтарсан ажлын хэсэг гаргаж, ирэх долоо хоногийн Даваа гарагаас ажлаа эхлүүлнэ.
Нөгөө талаас Хүүхэд харах үйлчилгээний төсөв дотроос байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн асаргааг хэрхэн уялдуулах, хүүхдийн хамгааллын төсөв дээр томоохон төсөв тавигддаг тул хүүхэд хамгааллын төвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх тал дээр хамтарна.
Өөрөөр хэлбэл, халамж, тэтгэмж гэхээсээ илүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хүүхдүүдээ илүү хөгжүүлэхэд анхааръя гэж тогтсон” гэлээ.