Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаал өчигдөр гарсан. Уг тушаалаар Монгол Улсын болон гадаад улсын 18-аас дээш насны иргэнийг өнөөдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины 4 дүгээр тунгаар дархлаажуулж эхэллээ.
Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэд вакцины 4 дүгээр тунд сайн дурын үндсэн дээр хамрагдах юм.
Мөн нэмэлт 3 дахь тунд хамрагдаад өвдсөн иргэн эдгэснээс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол 4 дүгээр тунд хамрагдах боломжтой юм. Дээрх шалгуурт нийцсэн иргэд Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийх боломжтой.
Түүнчлэн энэ жил 12 нас хүрч буй 2010 онд төрсөн хүүхдүүд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд хамрагдаж эхлэх юм байна. Мөн энэ жил 18 нас хүрч байгаа иргэн дархлаажуулалтын нэмэлт 3 дахь тунд хамрагдаж болох аж.