ХБНГУ-ын Норд Райн Фестфален муж улсын цэргийн командлалаас жил бүр зохион байгуулдаг Мөнхенгладбахын марш тактикийн олон улсын тэмцээн энэ оны 7 дугаар сарын 8-ны өдөр 34 дэх удаагаа зохион байгуулагдаж, тус тэмцээнд тусгай урилгаар монголын цэргийн баг тамирчид амжилттай оролцжээ.
ХБНГУ-ын Батлан хамгаалах яам болон НАТО-гийн удирдлагаас өндөр ач холбогдол өгдөг уг тэмцээнд энэ удаа АНУ, Их Британи, Франц, Итали, Нидерланд, Эстони, Польш, Монгол зэрэг 9 орны 34 баг тамирчид оролцож, буудлага, саадын зурвас, усан саад, эргүүл, минийн зурвас, отолт, гал унтраах, татан гаргах, өвчтөнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, цэрэг, улс төрийн аюулгүй байдлын орчны талаарх асуулт, хариулт зэрэг 7 цэг бүхий нийт 14 км-ын маршын замд германы болон олон улсын цэргийн байнгийн бүрэлдэхүүн, бэлтгэл цэргийн бүрэлдэхүүн гэсэн үндсэн гурван ангиллаар өрсөлдсөн байна.
ХБНГУ-ын Бундесверийн академийн сонсогч дэд хурандаа Д.Эрдэнэбилэгийн удирдлага, зохион байгуулалтын дор тус улсад суралцаж буй дэслэгч Г.Анхбаяраар ахлуулсан дэслэгч Б.Угтахбаяр, дэслэгч М.Бат-Орших, ахлагч Ц.Наранхүү, дэд ахлагч Н.Хүрэлхүү нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид олон улсын цэргийн байнгийн бүрэлдэхүүний ангилалд “Тэргүүн байр” эзэлж, цомоор шагнуулан, эх орон, Зэвсэгт хүчнээ амжилттай сурталчилжээ.
Уг тэмцээнд манай цэргийн албан хаагчдын баг 2015 онд анх удаа оролцож, олон улсын цэргийн байнгийн бие бүрэлдэхүүний төрөлд 3 дугаар байр эзэлж байсан сайхан уламжлалаа энэ жил бататган, амжилтаа ийнхүү ахиулсан тухай Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегийн албанаас мэдээлэв.