ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан оролцож томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай улсад арванхоёрдугаар сарын дунд үеэс томуугийн А хүрээний H3N2 вирус эргэлтэд орсон. H3N2 вирус нь бага насны хүүхдүүдэд нэлээд хүндрэл учруулдаг хоруу чанартай вирус юм. Өвчлөлийн байдлыг харвал, амбулаторид үйлчлүүлэгчдийн 10,000 тохиолдолд 16, нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 15 хувийг амьсгалын замын өвчлөл эзэлж байна. Орон нутгийн хувьд 21 аймгийн 50 орчим хувьд томуу, томуу төст өвчин идэвхжлийн болон алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрсэн.
Нэгдүгээр сарын 4-ний байдлаар улсын хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 44 хувь нь амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай. Эрчимт эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдийн 58 нь амьсгалын замын өвчлөлийн улмаас байна.
Томуугийн дэгдэлт нэгдүгээр сард оргилд үедээ хүрдэг. Энэ үе маань КОВИД-19 халдварын үетэй давхцаж байгаа. Энэ хоёр халдвар зэрэгцээд дэгдвэл орны ачаалал нэмэгдэнэ.
Сүүлийн гурван долоо хоногийн турш 4 хүртэлх насны болон 65-аас дээш насны иргэдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байна.