Иргэний улсын бүртгэлтэй холбоотойгоор энэ онд хийгдэх хамгийн том ажил бол Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 сарын 17-ны өдөр баталсан, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлж, 16 насанд хүрсэн Монгол Улсын бүх иргэнд тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагын бүх нэгж, Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн болон консулын газраар дамжуулан үнэ төлбөргүй олгох томоохон ажлыг үе шаттай зохион байгуулах юм байна.
Ингэхдээ регистрийн дугаарыг байхгүй болгохгүй бөгөөд регистрийн дугаарт нээлттэй агуулагдаж буй хүний хувийн мэдээллийг ил болгохгүйгээр мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах асуудлыг судалж байгаа аж.
12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаарыг цоо шинээр олгох асуудал биш бөгөөд 2010 оноос эхлэн иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулсан. Үүний үр дүнд Монгол Улсын бүх иргэнд иргэний бүртгэлийн мэдээллийн сангаас 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаарыг олгосон нь иргэний үнэмлэхийн ар талд байдаг QR-ийг уншуулбал мэдэх боломжтой. Одоо ч зарим үйл ажиллагаа энэ дугаар дээр үндэслээд явагдаж байгаа юм байна. Харин энэхүү дугаарыг өнөөгийн нөхцөлд илүү түгээмэл ашиглах шаардлага байна гэж үзжээ.