Италийн Цагдаагийн газар Сицилийн мафийн босс, 61 настай Жоаккино Гамминог 20 жилийн турш эрэн сурвалжилсны эцэст саатуулжээ. Түүнийг Google Street View-ийн ачаар хаана байгааг нь олж тогтоосон байна.
Тэрбээр 1989 онд хүний амь нас хөнөөсөн хэргээр бүх насаараа хорих ял сонссон аж. Гамминог тухайн үед дайсагнадаг мафи болох Коза Нострагийн гишүүнтэй нэг хүнийг андуурч, бууджээ. Тэрбээр өөрөө Агрижентогийн Стиддийн бүлэгт багтдаг байв.
Ингээд буруутай нь тодорхой болмогц Гаммино хилийн чанад руу зугтсан боловч Барселонагаас баривчлагдан буцаж Италид авчирч хорьжээ. Гэтэл тэрбээр шоронд кино зураг авалт хийж байх үеэр оргож чадсан байна. Түүнийг шоронгийн нэг хоригдлын хамаатантай андуурсан гэдэг. Гэхдээ зарим нь дүрэмт хувцастай мафийн гишүүн түүнд оргоход тусалсан гэдэг аж.
Энэ эр шоронгоос оргоод Испани руу гарч, нэрээ Мануэль болгон өөрчилжээ. Тэрбээр Галапагарт El Huerto de Manu нэртэй жимс, ногооны дэлгүүр нээж, түүнийхээ дэргэд зогсож байхад нь Google Street View-ийн дуранд өртжээ. Гаммино түүнчлэн дэлгүүрээсээ холгүйхэн “Сицилийн оройн зоог” нэртэй ресторанд тогоочоор ажилладаг байв. Рестораны цэсэнд “Загалмайлсан эцэг” киноны постер дээр гардаг шиг дизайн бүхий “Сицилийн оройн зоог” хэмээх нэрийн хоол ч багтдаг гэнэ.
Цагдаа нар Facebook-ээс тогоочийн хувцас өмссөн мафийн толгойлогчийн зургийг олжээ. Гэмт хэрэгтнийг нүүрэн дээрх сорвиор нь таньсан аж.
Гамминог арванхоёрдугаар сарын 17-нд барьсан бөгөөд энэ нь түүнд гэнэтийн явдал байжээ. Тэрбээр “Та нар намайг яаж олсон юм бэ? Би гэрийнхэн рүүгээ сүүлийн 10 жил ч яриагүй шүү дээ” хэмээн цагдаа нарт мэдүүлжээ. Харин одоо мафийн оргосон боссыг Италийн хориход буцааж, хүний амь нас хөнөөсөн хэргээр бүх насаар нь хорих юм байна.
Google Street View нь зурганд орсон хүмүүсийн царай, автомашины дугаарыг автоматаар бүдгэрүүлдэг. Тиймээс Гамминог хэрхэн таньсан нь тодорхойгүй байна. Магадгүй хууль хүчнийхэн Google-ийн анхдагч мэдээллийг авах эрхтэй, нүүр царай таних үйлчилгээ ашигласан ч байж мэдэх юм.
Эх сурвалж: Dailymail