УИХ-ын чуулганаар өчигдөр (2022.01.06) “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлд хүний геном, удмын мэдээллийг бүрэн тогтоож аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж илрүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн лаборатори болон генийн сан байгуулах, хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор жирэмсэн эмэгтэй, эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа, сургалт, мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг багтаасан талаар УИХ-ын гишүүд тайлбарлаж байна.
Манай улсад 2016-2020 онд 384.5 мянган хүүхэд төрснөөс 3260 гаруй нь төрөлхийн гажигтай төрсөн байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Хэт хөдөлгөөнтэй, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй хүүхдийн эмгэг, аутизм гэх мэт өвчний учир шалтгаан юутай холбоотой вэ. Жирэмсний явцад ургийн гажигийг гадны улс орнуудад молекул, генетикийн түвшинд хийж байна. Манайд хэзээ ийм оношилгоо хийдэг болох вэ” гэсэн асуулт тавьжээ.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, монголын анагаах ухааны хөгжлийн гол шалгуур нь молекул, генетикийн оношилгоог хэрхэн хийж байгаа асуудал аж.
Одоогоор хавдрын эсийн түвшинд энэ оношилгоог хийж эхэлсэн ч манай анагаах ухааны түвшинд ургийг молекул, генетикийн түвшинд оношилж чадахгүй байгаа гэлээ. Энэ салбарыг илүү хөгжүүлэхгүй бол их хоцрогдсон учир орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн төвлөрсөн лаборатори болон генийн сан байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх заалт оруулахаар тусгасан гэнэ.
Молекул, генетикийн өндөр түвшний цогц лаборатортой болбол өнөөдөр байгаа түвшинг 30-60 жилээр урагшлуулж чадна гэж үзэж байгаа гэсэн хариултыг ажлын хэсгээс өгөөд байна.
1 comment
Оройтмон ч гэсэн нэр ийм хууль гаргадаг нь яамай даа. Харин хэрхэн яаж хэрэгжүүлэх, хариуцлага ямар байхын сайн тусгаарай даа. Хуультайгаа зохицоогүй баахан журам гаргаж балайта.