ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн анхдугаар форумын үеэр Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим худалдан авах ажиллагаа Мэдээлэл технологийн газрын хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу мэдээлэл өглөө.
Тэрээр “Төрийн худалдан авах ажиллагааны газар нь улсын болон бүс нутгийн чанартай томоохон төсөл хөтөлбөрийн гүйцэтгэгчийг шалгаруулдаг.
Тендер шалгаруулах үйл ажиллагааны Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ТББ, иргэдийн төлөөллийг оруулдаг.
Тухайлбал 2021 онд 1627 хүн 12176 удаа аливаа төрийн байгууллагын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж хамтраад шийдвэр гаргаж ажилласан байна.
Мөн ТББ-ын төлөөлөл иргэн Д 2021 онд нийт 353 удаа үнэлгээний хорооны хөндлөнгийн гишүүнээр ажилласан байна. Тэр хүн дор хаяж өдөрт хоёр удаа хороонд орж ажилласан байна.
Түүний араас иргэн Э 252, иргэн С 199 удаа, мөн 195, 193 удаа ажилласан хүмүүс байна. Тиймээс мэргэжлийн холбоодын гишүүд энэ хороонд орж ажиллах хэрэгтэй байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 1600 орчим хүн л энэ үнэлгээний хороонуудад ажилласан байна” гэв.