Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг хүлээн авах хугацаа 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болно.
Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан иргэд хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлнэ. Ингэхдээ “Үл хөдлөх хөрөнгийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил” гэж заасны дагуу 2018 оноос хойших үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хүмүүс хөнгөлөлт, чөлөөлөлтөд нөхөн хамрагдах боломжтой. Тэгэхдээ 2018, 2019 оны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хүмүүс хуучин хэрэгжиж байсан хуулийн дагуу 3 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авна. Харин 2020 оноос хойш үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй бол Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу 6 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм байна.