ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн анхдугаар форум Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болж байна.
Тус чуулганд Төрийн 10 байгууллага, 120 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож, ЖДҮҮ эрхлэгчдэд тулгамддаг асуудлуудыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах ба Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-оор дамжуулж асуудлаа шийдвэрлүүлэх зорилго тавьж байна. Үүнд:
- Стандартыг цөөлөх
- Төр давхардсан чиг үүргийг болих
- Батламжийг бүрэн болиулах
- Хяналтын 1 байгууллагатай болох
- Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Форумыг нээж Шадар сайд С.Амарсайхан үг хэллээ.
Тэрбээр “Цар тахлын үед төдийгүй энгийн үед ч иргэд, аж ахуй нэгжүүдийн бизнесийн эрх чөлөөг хангах ажлыг эрчимтэй эхлүүлж байна.
Монгол Улсын Засгийн газраас мэргэжлийн ажлыг мэргэжлийн байгууллагаар нь хийлгэх зорилго тавьж байна. Өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал амаргүй байсан. Өнөөдөр ч амаргүй байна.
Коронавирусын дахин хэд, хэдэн шинэ хувилбар гарах нь тодорхойгүй энэ үед байн байн хөл хорихгүйгээр дасан зохицож даван туулна.
Эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд зургаан зорилго дэвшүүлсэн. Үүний нэг нь боомтын сэргэлтийн бодлого. Чөлөөт бүсүүдийн хөгжлийн урагшлуулж, боомтуудын тоог нэмнэ.
Эрчим хүчний сэргэлтийн бодлогын хүрээнд дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна хэрэгцээт хөрш орон руу экспортлох бодлогыг барина.
Төрийн хяналт шалгалт нь авлигын хэрэгсэл байх ёсгүй. Стандартуудыг шинэчилж, цөөлж, амьдралд ойрхон зах зээлийн зарчмаар боловсруулна.
Зөвхөн эрүүл мэндийн салбарт 700 гаруй стандарт бий. Үүнээс бүрэн хэрэглэдэг нь цөөхөн. Төрийн төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тендерийн хуульд өөрчлөлт орно. Нэг авсан бичиг баримтаа олон дахин шаардахаа болино.
Энэ форумаас гарсан бодитой ажил хэрэг, саналыг төрийн бодлогод тусгахад хамтран ажиллана.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Зөвшөөрлийн хуульд өөрчлөлт тухай хуулийн төслийг 2019 онд санаачлан өнгөрсөн оны тавдугаар сард ажлын хэсэг байгуулсан.
Төр бол хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагааг хийнэ. Харин иргэн, хуулийн этгээд хуулиар хориглоогүй үйл ажиллагааг хийж болно.
Зөвшөөрлийг хоёр төрлөөр ангилсан. Тусгай зөвшөөрлийг 5 жилээс доошгүй хугацаагаар олгоно. Харин энгийн зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно. Хуульд заасан тохиолдолд энгийн зөвшөөрлийг хугацаагүй олгож болно.
Тусгай зөвшөөрлийг ашиглалтын, үйл ажиллагааны гэж хоёр ангилсан. Ашиглалтын зөвшөөрлийг дуудлага худалдаагаар явуулна. Үүнд радио долгионы зурвас ашиглах, байгалийн баялгийг нөөцийг ашиглуулах, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа зэрэг хамаарна.
Одоогийн хуулиар 210 төрлийн зөвшөөрөл олгохоор заасан ч 914 болж нэмэгдсэн. Энэ зөвшөөрлийг багасгана. Зөвшөөрлийн бүртгэлийн цахим нэгдсэн сан байгуулна.
Зөвшөөрөл олгох хугацааг тодорхой зааснаар зөвшөөрөл гарах хугацааг багасгана. Зөвшөөрөл олгох нийт ажиллагаа ажлын 23 хоногийн дотор явагдаж дуусна.
Форум үргэлжилж байна…