Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт гурван ширхэг барилга шатаж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 6-ны 05:06 цагт НОБГ-т иржээ.
Дуудлагын дагуу гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон бүрэн унтраахаар ажиллаж байгааг онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.
Энэ талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар “Баруун бүсэд дөрвөн үйлдвэр ажилладаг. Дөрвөн үйлдвэрийн нэгдүгээр үйлвэрийн хатаах шугамд үүрийн 04:00 цагт гурван шугамын нэгд гал гарсан. Онцгой байдлынхан ирээд 06:30 минутад галыг бүрэн унтраасан. Гал гарсан нэг шугам ажиллагаагүй болсон учир Зүүн бүсийн үйлдвэрийн нөөц шугамыг ажиллуулж эхэлсэн. Онцгой болон цагдаагийн алба хаагчид ирж үзлэг шинжилгээ хийж байна. Нэг шугам өдөрт 150 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай. Сайжруулсан шахмал түлшний нөөц шатаагүй. Тиймээс нийслэлийн өвөлжилтийн нөөцөд ямар нэгэн эрсдэл байхгүй” гэв.