Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи тайм” гэх нэртэй сүлжээ 2017 онд Монгол Улсад дэлгэрсэн. Хоёр жилийн хугацаанд 12000 гаруй иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тус сүлжээний хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцсэн.
Шүүхийн шийдвэрийн дагуу уг хэргийн хохирогч нарт Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь 100900012405 дугаартай тусгай дансанд байршуулсан 7,089,588,699.37 төгрөгийг /долоон тэрбум наян есөн сая таван зуун наян найман мянга зургаан зуун ерэн ес төгрөг гучин долоон мөнгө/ хувь тэнцүүлэн олгохоор болсон.
Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас бичигдэх ажиллагаа явагдаж, одоогийн байдлаар шийтгэх тогтоолын хавсралтад дурьдсан 01-3528 дугаартай хохирогч нарын гүйцэтгэх хуудсыг бичиж хүргүүлээд байна гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.