Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 23-29-ний өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн 102 дугаарын утсанд угаартсан гэх нийт 20 дуудлага, мэдээлэл ирснээс нэг хүний амь эрсдэж, 56 иргэн хүнд хөнгөн байдлаар хохирч, эмнэлгийн анхан шатны тусламж авсан байна.
Энэ талаар НЦУГ-ын Хэв журмын хэлтсийн Эргүүл хамгаалалтын газрын дарга, Цагдаагийн хурандаа В.Даваадорж “Угаартсан иргэдийн 32 нь хүүхэд байсан. Угаартсан нөхцөл байдлын шалтгааныг шалгаж үзэхэд гар хийцийн буюу энгийн зуухтай, ханан пийшэн, зуух яндангийн битүүмж муугаас утаа гарсан, угаар мэдрэгчгүй, угаар мэдрэгчтэй боловч зай нь дууссан, мэдрэгч нь эвдэрсэн, яндангийн соролтыг хаасан гэх мэт нөхцөл тогтоогдсон” гэж ярилаа.
Дашрамд дурдхад, 102 дугаарын утсанд түүхий нүүрс хэрэглэж байж болзошгүй гэх долоон дуудлага ирснээс хоёр нь тогтоогдож, шалгагдаж байгаа ажээ.