Украины “Нафтогаз” компанийн зүгээс Европын хийн зах зээлд Оросын “Газпром” компани ноёрхож байгаа тухай гомдлыг Европын Комисс хүлээн авчээ. Европ дахь хийн үнэ дээд амжилтаа эвдэж байгаагийн гол шалтгаан нь “Газпром” болж байна гэж Украины тал үзсэн байна.
Еврокомиссын төлөөлөгч Тим Макфи даваа гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр “Интерфакс-Украин” агентлагийн асуултад хариулахдаа “Бид гомдол хүлээн авсан, өөрсдийн стандарт журмынхаа дагуу хянан үзэх болно” хэмээн мэдэгджээ.
“Нафтогаз” компани 12-р сарын 21-нд Европын хийн зах зээл дэх ноёрхлоо “Газпром” компани урвуулан ашиглаж байгаа тухай гомдлыг гаргасан бөгөөд өргөдөлдөө Өрсөлдөөний ерөнхий газар нөхцөл байдлыг хэвийн болгохын тулд яаралтай арга хэмжээ авахыг хүсчээ.