АНУ-ын Элчин сайд асан Макфол, Вершбоу нар Байденыг Оросын эсрэг хориг арга хэмжээний жагсаалтыг нийтлэхийг уриалжээ. АНУ-ын хорь гаруй дипломатч болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны хүмүүс Ерөнхийлөгч Жо Байденаас Украины асуудал хурцадвал Оросын эсрэг авах хориг арга хэмжээний жагсаалтыг нийтлэхийг Вашингтоноос хүссэн байна.
Уг мэдэгдэлд ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд асан Майкл Макфол, Александр Вершбоу, Төрийн департаментын Украины асуудал эрхэлсэн тусгай элч асан Курт Волкер, “Түүхийн төгсгөл” номын зохиолч гэгддэг улс төр судлаач Фрэнсис Фукуяама нар гарын үсэг зурсан байна.
Владимир Путин, Жо Байден нар баасан гаригийн орой утсаар ярилцсан бөгөөд тэдний яриа 50 минут үргэлжилжээ. Кремлийн мэдээлснээр, Америкийн Ерөнхийлөгч Украины нөхцөл байдлын улмаас “том хэмжээний хориг арга хэмжээ авна” гэж сүрдүүлсэн байна.
Харин Оросын Ерөнхийлөгч үүнд энэ нь том алдаа болно хэмээн хариулаад, ийм тохиолдолд хоёр талын харилцаа тасрах магадлалтайг сануулжээ.
Украины эрх баригчид болон барууны орнууд саяхан Москва хөрш улстай хиллэдэг хилийн дагуу “түрэмгий үйлдлээ эрчимжүүлж” байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм. Москва эдгээр буруутгалыг удаа дараа няцааж, хэнд ч заналхийлээгүй, хэнд ч халдах бодолгүй байгаагаа онцолж ирсэн бөгөөд эдгээр мэдэгдлүүд нь түрэмгийлэл төдийгүй Оросын хилийн ойролцоо НАТО-гийн цэргийн техник хэрэгслийг нэмж байрлуулах шалтаг хэмээн үзэж байгаа юм.
Эх сурвалж: RIA