ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус шинэ жилийн мэндчилгээндээ цар тахлыг 2022 онд дуусгах зорилт тавьж байгаагаа талаараа мэдэгсэн байна. Хоёр жилийн өмнө Хятадын Ухань хотод эхэлж байсан цар тахал дэлхий нийтийг хямралд оруулж, энэ оны босгон дээр 287 сая хүн өвчилж, вирусийн халдвараар 5.5 сая орчим хүн нас барлаа.
Хамгийн сүүлд тархсан Омикрон хувилбарын аюулыг хязгаарлах зорилгоор дэлхийн олон улс орон шинэ жилийн баяраа даруухан тэмдэглэн өнгөрүүлж байна. Доктор Тедрос өчигдөр хэлсэн үгэндээ вакцины тэгш бус хуваарилалт цар тахлыг сунжруулж байгааг шүүмжлээд 2022 онд энэ байдлыг өөрчлөхийн төлөө дэлхий нийтээрээ хамтран ажиллахыг уриалжээ.
Доктор Тедрос өчигдөр хэлсэн үгэндээ 2022 оны дунд үе хүртэл дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулсны үр дүнд цар тахлыг дуусгах зорилтыг ДЭМБ тавьж буйг мэдэгджээ.
Өнөөдрийн байдлаар хүн амынхаа 91 хувийг вакцинжуулалтад бүрэн хамруулсан Арабын Нэгдсэн Эмират улс дэлхийд тэргүүлж, 1 хүрэхгүй хувийг бүрэн хамруулсан Хайти, Чад, Ардчилсан Конго, Бурунди улсууд сүүл мушгиж байна.
Эх сурвалж: BBC