Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн /2021.12.30/ чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан юм.
Төрийн бус байгууллагын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших 24 жилийн хугацаанд нийгмийн өөрчлөлтийг дагаж төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэрт томоохон өөрчлөлт гарсан хэдий ч холбогдох зохицуулалтыг хуульд оруулаагүй явж иржээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр
- 1998 онд 1,075 ТББ бүртгэлтэй байсан бол
- 2005 онд 3,492,
- 2010 онд 6,915,
- 2015 онд 11,879,
- 2018 онд 19,260,
- 2019 онд 21,040,
- 2020 онд 25,388,
- 2021 оны наймдугаар сарын 25-ны байдлаар нийт 26,441 ТББ бүртгэгдсэн байна.
Эдгээр нь боловсрол, эрүүл мэнд, сургалт, халамжийн үйлчилгээ, эрүүл мэнд, төсөл хөтөлбөр гэх зэргээр нийт 19 чиглэлийн үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн байдаг аж.
Дээрх өөрчлөлтийн дагуу ТББ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдсан төдийгүй олон улсын жишиг хандлагын дагуу төрийн бус байгууллагын үйл ажиллагааны талбар болох иргэний нийгмийг улс орны хөгжлийн нэг чухал түнш, хамтран оролцогч хэлбэрээр дэмжих шаардлагатай байна. Түүнчлэн хууль зүйн хувьд ТББ-ын хэлбэрийг зөв тодорхойлж чадаагүйн улмаас улс төр, шашны байгууллага төдийгүй ашгийн төлөөх хуулийн этгээд ч “ТББ” гэх нэрийг хэт хавтгайруулан шууд ба шууд бус байдлаар хэрэглэх боломжтой болжээ.
Тухайлбал, Иргэний хуульд ашгийн төлөө бус хуулийн этгээд нь холбоо, сан, хоршоо гэсэн төрөлтэй байхаар заасан бол Төрийн бус байгууллагын тухай хуульд ТББ, гишүүддээ үйлчилдэг ТББ, нийгэмд үйлчилдэг ТББ гэх ангиллыг бий болгож зөрүүтэй хуульчилсан байна. Энэ нь эрх зүйн шинэчлэлээс хоцорч байгааг харуулж байна гэдгийг сайд илтгэлдээ онцлов.
Иймд дээр дурдсан үндэслэл шаардлагыг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, Иргэний хуулийн зохицуулалт, Эвлэлдэн нэгдэх эрхийн тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолуудын ерөнхий зөвлөмжүүд, Хүний эрхийг хамгаалагчдын тунхаглалын суурь зарчим, Хүний эрхийн тусгай илтгэгчийн зөвлөмж, тайланд тулгуурлан шинэ агуулгаар өргөжүүлэн Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэрийг Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болгон өөрчлөн боловсруулжээ.
Холбооны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Иргэний хуулийн ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрлөөр буюу ашгийн төлөө бус хуулийн этгээд нь холбоо, сангийн хэлбэрээр ажиллах нөхцөл бүрдэж, эрх зүйн зохицуулалтын хүрээнд үүсээд байгаа зөрчил, хийдэл арилж, нэгдсэн зохицуулалттай болно. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгааг холбооны ил тод, хариуцлагатай байх зарчмаар дамжуулан хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх тул хүний эрхийг хангах чиглэлд чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж буй аж.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувийн саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхээр тогтов. Төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан юм.
Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд ашгийн төлөө бус хуулийн этгээдийг төрөл тус бүрээр нь нарийвчлан зохицуулахаар, ялангуяа Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, сангийн төрөл, ангилал, дотоод зохион байгуулалт, удирдлага, төлөөлөл, үүсгэн байгуулагчийг тодорхой болгож, сангийн бүртгэл, хяналт, тайлагналт, ил тод байдал, татан буугдах нөхцөл, журмыг боловсронгуй болгож, төрөөс санд үзүүлэх дэмжлэг, төрийн чиг үүргийг гүйцэтгүүлэхтэй холбоотой зохицуулалтыг бий болгох зорилт дэвшүүлсэн. Мөн Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т сангийн эрх зүйн байдлыг тусгайлсан хуулиар тогтоохоор заасан байна.
Монгол Улс Үндсэн хуульд тунхагласан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор сайн дураар байгуулагдан, нийтлэг эрх ашиг, үнэт зүйлсийн төлөө төр, бизнесийн үйл ажиллагаанаас гадуур үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус зорилго бүхий байгууллагын зохион байгуулалт, түүнд тавигдах шаардлага, бүртгэл, санхүүжилт, эрх, үүргийг тодорхойлсон Төрийн бус байгууллагын тухай бие даасан хуулийг 1997 онд батлан мөрдөж байна.
Уг хуулиар сантай холбоотой харилцааг хэлбэрийн төдий байдлаар зохицуулж ирсэн бөгөөд өнгөрсөн 24 жилийн хугацаанд нийгмийн өөрчлөлтийг дагаж төрийн бус байгууллагууд, сангийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэрт ч томоохон өөрчлөлтүүд гараад байна. Энэ өөрчлөлтийн дагуу ТББ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, тусгайлан ТББ-ын хэлбэр тус бүрээр буюу холбоо, сангийн зохицуулалтыг нарийвчлан хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна гэдгийг Шадар сайд илтгэлдээ дурдав.
Түүнчлэн 2002 оны батлагдсан Иргэний хуультай нийцүүлэх талаар хангалттай зохицуулалт хийгдээгүйгээс ТББ болон ашгийн төлөө бус хуулийн этгээдийн хэлбэрийн хооронд зөрүүтэй байдлыг үүсгэж, улмаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд төрийн бус байгууллагын хэлбэр болон үйл ажиллагааны төрлийг хольж бүртгэх, ойлголт, нэр томьёоны хэрэглээний хувьд ойлгомжгүй байдал үүсгэхэд хүргэсэн байна. Ийнхүү Төрийн бус байгууллагын тухай хуулийн зохицуулалт нь сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг ерөнхий байдлаар зохицуулсан, нарийвчлан зохицуулаагүй, энэ хуулиар зохицуулах боломжгүйн зэрэгцээ эрх зүйн шинэчлэлээс хоцорч, улмаар зохицуулалтын хувьд бусад хуулиудтай уялдахгүйд хүрчээ.
Мөн ФАТФ-ын 8 дугаар зөвлөмж, 1 дүгээр шууд хэрэгжилтийн дагуу 2020 оны гурваас зургаадугаар сарын хооронд хийгдсэн Монгол Улсын ашгийн бус байгууллагын салбарын терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээгээр тэдгээрийн эрсдэл нь 0.46 оноо буюу дунджаас доогуур үнэлэгдсэн байна. Хэдийгээр энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх эрсдэл, заналхийлэл бага боловч суурь эмзэг байдал буюу төрийн бус байгууллагын, ялангуяа сангийн хөрөнгийн зарцуулалтыг өөр зорилгоор ашиглах тохиолдол нэлээд гардаг, бүртгэл, хяналт, тайлагналт, ил тод байдлын тогтолцоо сул, эрх зүйн орчин боловсронгуй бус, ТББ-ын зүгээс дотоод засаглалд анхаарах, хуулийг хэрэгжүүлэх нь тааруу зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн гэж дүгнэгдсэн байна.
Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу Төрийн бус байгууллагын тухай хуулийг Иргэний хуулийн суурь зохицуулалт, нэр томьёонд нийцүүлэн ашгийн төлөө бус хуулийн этгээдийн нэг төрөл болох сангийн зохицуулалтыг тусгайлан нарийвчилж зохицуулахаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг хууль нь Засгийн газрын тусгай сан, Хөрөнгө оруулалтын сан, Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих сан, олон улсын болон гадаад улсын сангийн салбар, төлөөлөгчийн газар болон холбооны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахгүй юм байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс