УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар, Ковид19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.
Ийнхүү Ковид19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг зургаан сараас сунгаснаар ипотекийн зээлийн эргэн төлөлт ч мөн хойшлох юм. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан өмнө нь мэдээлж байв. Тэрээр “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд ипотекийн зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг хойшлуулж болно гэсэн заалт бий. Тэгэхээр энэ заалтыг цааш зургаан сараар сунгах асуудал төсөлд тусгасан байгаа. Гэхдээ зээлээ төлөх эсэх нь иргэдийн өөрсдийн сонголт юм. Зээлийн эх үүсвэрийг МИК гаргаж байгаа учраас эргэн төлөлтийг хойшлууллаа гээд банкуудыг эрсдэлд оруулахгүй гэж бодож байна. Энэ жил 750 тэрбум төгрөгийн зээл гарлаа. Өөрөөр хэлбэл, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулснаар банкууд эх үүсвэргүй болох асуудал байхгүй” гэсэн юм.
Тэгвэл өнөөдрөөс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах бэлтгэл ажлаа хангах чиглэлийг Монгол банкнаас арилжааны банкуудад өгч эхэлжээ.