Налайх дүүрэгт арматур төмрийн үйл ажиллагаа явуулдаг “Эйч Ди Ти Эм” ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үүссэн нөхцөл байдлын талаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг энэ оны наймдугаар сард байгуулсан. Ажлын хэсгийг төлөөлөгч М.Говьсайхан ахалсан бөгөөд тэрбээр өнөөдөр төмрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үүссэн нөхцөл байдлын талаар боловсруулсан холбогдох санал, дүгнэлтээ Тэргүүлэгчдэд танилцууллаа.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 100 дугаар тогтоолоор “Эйч Ди Ти Эм” ХХК-ийн төмрийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, “Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн парк”-ийн эдэлбэр газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч “Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн парк”-ийн цахилгаан хангамж, дэд станцын барилгын ажил дуусаагүй, мөн паркийн эдэлбэр газрын зэргэлдээ байрлалд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, агуулахын аюулгүйн бүстэй давхацсан зэрэг шалтгаанаар Тэргүүлэгчдийн 2018 оны 100 дугаар тогтоол хэрэгжих боломжгүй болжээ.
Ажлын хэсгийн ахлагч М.Говьсайхан хэлэхдээ “100 дугаар тогтоолын дагуу “Эйч Ди Ти Эм” ХХК-ийн арматур төмрийн үйлдвэрийг “Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн парк”-руу нүүлгэн шилжүүлэх ажил хангагдаагүй. Тиймээс тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Үйлдвэр технологийн паркийн цахилгаан хангамжийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэл явуулах хэмжээний хүчин чадалтай болох, мөн ойр орчмын тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, агуулахын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн аюулгүйн бүс, газар олголтын асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар тогтоолын төсөл хэрэгжих хугацааг сунгах саналтай байна” гэв. Улмаар Ажлын хэсгийн саналыг Тэргүүлэгчдийн олонх нь дэмжсэн юм.