Ирэх нэгдүгээр сарын 1-ээс эхлээд эрх баригч МАН улс төрийн намын санхүүжилтээ олон нийтэд нээлттэй ил болгох гэж байна. Саяхан болж өнгөрсөн МАН-ын ХХХ Их хурал дээр гаргасан уриалгын дагуу тус нам бусад улс төрийн намуудаа уриалж, дансаа шилэн болгох гэж байгаа талаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Syndicate Talk Exclusive” нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор оролцохдоо мэдэгдээд байгаа юм.
МАН–ын шилэн данснаас тус намд хаанаас ямар хэмжээний хандив цуглав, хэн, юун зориулан хандив илгээснийг харж болох гэнэ. Улс төрийн намуудын санхүүжилт өнөөдрийг хүртэл хаалттай явж ирсэн. Харин МАН улс төрийн намуудыг санхүүжилтээ ил болгохыг уриалж, хамгийн түрүүнд дансаа нээж байгаа нь улс төрийн намуудыг төлөвшүүлэх, хариуцлагатай байлгах, иргэдийн итгэл нэмэгдэхэд нөлөө үзүүлнэ хэмээн ЕНБД Д.Амарбаясгалан мэдэгджээ.
Түүний энэ санаачилга УИХ дээр хэлэлцэхээр бэлтгэж буй Улс төрийн намуудын тухай хуульд МАН-ын санаачилга болгоод орж байгаа юм байна.
Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намуудын тухай хуульд заасны дагуу парламентад суудал авсан улс төрийн намууд нэг УИХ-ын гишүүний тоогоор жилд 10 сая төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс авдаг. УИХ-д 62 суудалтай МАН–ын хувьд 620 сая болж байгаа бол 13 гишүүнтэй АН 130 саяыг авч байгаа.
Улс төрийн намууд тогтвортой ажиллах, төлөвших, амжилт гаргах, улс орноо хөгжүүлэх, иргэдийн итгэлийг хүлээх хэмжээнд үйл ажиллагаа явуулахад бусад орны жишгээр улсын төсвөөс дэмжлэг авдаг ч энэ санхүүжилтийн хэмжээг зохистой хэмжээнд барьж байх ёстой. Гэхдээ улс төрийн намыг хариуцлагатай байлгах үүднээс шалгуур үзүүлэлтийг мөн харгалзан үзэх ёстой хэмээн МАН–ын ЕНБД Д.Амарбаясгалан өгүүлжээ.
МАН–ын санхүүжилтийн тухайд намын жирийн гишүүн сард 1000 төгрөгийн хураамж төлдөг байна. Энэ жилд 12.000 төгрөг гэсэн үг. Үүнээс дээш татвар төлдөг гишүүд ч бий. Тухайлбал, шат шатандаа сонгуульт албан тушаалыг эрхэлж байгаа гишүүдийн хураамж өндөр бөгөөд МАН–ын бага хурлын гишүүд гэхэд жилд 2.4 сая төгрөгийг намд татварыг төлдөг байна. Тус намын Бага хурал 479 гишүүнтэй бөгөөд МАН–ын УИХ дахь квот болон гишүүдийн татвар, хураамжийн орлогоос үйл ажиллагаагаа явуулдаг талаар ярилцлагад өгүүлжээ.
МАН мөн хандив авдаг. Ингэхдээ хандив өгөх гэж байгаа аливаа этгээдээс нэгдүгээрт, хуулийн хүрээнд, хоёрдугаарт бүрэн цэвэр орлогоос олсон мөнгөө хандивлаж байгаа гэсэн тодорхойлолтыг, гарын үсгийн хамт авдаг байна. Энэ болгоомжлол нь өмнө гарч байсан олон алдаа дутагдлаас үүдэлтэй улс төрийн сургамж гэдгийг ч Д.Амарбаясгалан нуулгүй ярьсан байна.