Монгол Улсын орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, Монгол Улсын соёлын элч нар хамтран 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Олон улсын байгууллагын тэргүүн нарт зориулан “Сонгодог үдэш” урлагийн арга хэмжээг зохион байгуулав. Арга хэмжээнд Япон, Польш, Унгар, Турк, Куба, Болгар зэрэг гадаад улсаас Монгол Улсад суугаа ДТГ-уудын тэргүүн нар, НҮБ, ДЭМБ, ЕСБХБ, Дэлхийн банк зэрэг 7 олон улсын байгууллагын төлөөлөгч нийт 70 орчим зочид хүрэлцэн ирсэн байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, улиран өнгөрч буй 2021 он манай улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110, худалдааны салбар үүсэж хөгжсөний 100, НҮБ-д гишүүнээр элссэний 60 жил зэрэг олон түүхэн үйл явдал тохиосон онцгой жил болж буйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн цар тахлын хүнд сорилт бэрхшээл тулгарсан онцгой цаг үед Монгол Улс дэлхийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй өрнүүлж, өндөр дээд түвшний айлчлал, олон чухал төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд эдгээр чухал арга хэмжээнд ДТГ-ууд идэвхтэй хамтран оролцож, ГХЯ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.