Францад мягмар гарагт коронавирусын халдварын хамгийн олон буюу 179 807 тохиолдол илэрчээ. Энэ нь Европын орнуудын дунд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болоод зогсохгүй Итали, Грек, Португал, Англид ч мөн улсын хэмжээнд урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлтүүд бүртгэгдсэн байна.
Үүнд зул сарын баярын үеэр халдварын үзүүлэлтүүдийг тайлагнахад гарсан саатал ч мөн нөлөөлсөн байж болзошгүй аж. Улс орнууд халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын улмаас баярын үеэр халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгааг мэдээлсээр ирсэн юм.
Олон судалгаагаар “омикрон” хувилбарыг “дельта”-гаас хөнгөн өвчлүүлдэг, халдварласан хүмүүсийнх нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэл 30-70 хувиар бага болохыг тогтоогоод байгаа юм. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Европт өвчлөл эрс нэмэгдвэл эмнэлгийн ачаалал улам бүр хүндэрнэ гэдгийг анхааруулсан билээ.
Даваа гарагт Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран ирэх нэгдүгээр сарын эхээр улсын хэмжээнд өдөрт 250 мянга гаруй тохиолдол илэрч болзошгүй байгааг анхааруулсан бол Францын Эмнэлгийн холбоо “туйлын хүнд өдрүүд ирж байгааг” сэрэмжлүүлсэн байна.
Ерөнхий сайд Жан Кастекс энэ долоо хоногийн эхээр хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийн талаар танилцуулсан бөгөөд үүнд нэгдүгээр сарын эхэн үеэс долоо хоногийн хамгийн багадаа гурван өдөрт нь гэрээсээ ажиллах боломжоор хангахыг ажил олгогчдод үүрэг болгох багтжээ. Мөн иргэдээ вакцины нэмэлт тунд хамруулах ажлыг эрчимжүүлж, хамгийн сүүлийн мэдээллээр 23 сая гаруй хүн нэмэлт тунг тариулаад байна.
Европын бусад орнуудад
Италид мягмар гарагт илэрсэн халдварын тохиолдлын тоо 78 мянга давсан нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Мөн халдварын улмаас 202 хүн нас барснаар ийм тохиолдлын нийт тоо 136 753-т хүрчээ.
Португалд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 17172 тохиолдол илэрсэн нь мөн л урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.
Грекийн Эрүүл мэндийн сайд Танос Плеврис улсын хэмжээнд 21657 тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн нь өмнөх өдрийн хамгийн өндөр үзүүлэлтээс хоёр дахин нэмэгдсэн байна.
Мөн Кипрт өдөрт хамгийн олон буюу 2241 тохиолдол шинээр илэрчээ.
Үүний зэрэгцээ Англид 117 093 тохиолдол илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Их Британийн хэмжээнд баярын үеийн “COVID-19”-ийн мэдээлэл одоогоор гараагүй байна.