УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, хөрөнгө оруулагч талаас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн саналыг харгалзаж, дараах арга хэмжээг авах талаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Үүнд:
- “Оюутолгой” төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх,
- 2015 оны “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах, дуусгавар болгох,
- “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах
- “Оюутолгой” төслийн гүний уурхай ашиглалтад орж ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртлэх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх,
- “Оюутолгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг арга хэмжээ авах талаар тогтоолын төсөлд тусгасан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Засгийн газар гүний уурхайн бүтээн байгуулалтыг маш хурдан дуусгаад, олборлолт эхлүүлэхийг зорьж байна. Үлэмж хэмжээгээр зардал нь ихэсч буй энэ төсөлд хяналт тавьж, төсвийн зарцуулалтыг зориулалтын бусаар ашигласан бол түүнийг нэхэмжлэх хэлбэрээр хэлэлцээрүүд явагдсан. Би өөрөө ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэх ажлыг хариуцсан хүний хувьд түр хорооны гишүүдээс тэр дундаа Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн нараас 2-3 асуулт асууя.
Төслийн санхүүжилтийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх гэж байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл, далд уурхайн санхүүжилт тодорхойгүй байна. Оюутолгой хариуцахгүй юм бол төслийг дуусгах зардлыг хэн хариуцах юм бэ. Хэрэв үйл ажиллагаа нь зогсвол үр дагаврыг нь хэн хариуцах вэ. “Эрдэнэс Оюутолгой” ХХК хариуцахгүй нь ойлгомжтой. Бид хэлэлцээрийн явцад төслийн зээлийн санхүүжилтийг хувьцааны санхүүжилт болгох санал тавьсан. Энэ нь хувьцаагаа зарж, тодорхой хэмжээнд мөнгө босгох боломжтой болно гэсэн үг. Үйл ажиллагааны зардал буюу олсон орлогоороо цааш санхүүжилт хийж явах нь зөв гэхийг хэд хэдэн гишүүдээс сонсч байсан. “Оюутолгой”-н борлуулалтаас их хэмжээний хуримтлал үүсч, далд уурхайг бүхэлд нь санхүүжүүлэх боломжтой гэж үү. Би хэлэлцээрийн явцад түр хорооны гишүүдээс тавьсан бүх саналыг айлын талд тавьсан. “Оюутолгой”-н өрийн дарамтыг бууруулахын тулд зарим хувь нийлүүлэгчдийн зээл, төслийн санхүүжилтийн зээлийг хувьцааны санхүүжилт рүү шилжүүлэх санал хүртэл тавьсан.