Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүргээ амжилттай гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.
НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцож, сөргөлдөгч талуудын гал зогсоох гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, дүрвэгсдийн аюулгүй байдал, тус улсын болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангах Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүргийг нэр төртэй биелүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж нэр бүхий алба хаагчдыг Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медалиар шагналаа.
Эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа дайчлан үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчид болон гэр бүлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.
Монгол цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос, цэргийн багууд 2006 оноос үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний 20 мянга гаруй, түүний дотор 872 эмэгтэй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.