Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газар, Парламентын судалгааны хүрээлэн хамтран шинээр батлагдан гарсан Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилт болон УИХ-ын Тамгын газрын хяналт шалгалтын чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2021.12.28/ зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, УИХ-ын Тамгын газрын зөвлөх Б.Эрдэнэбилэгт, Н.Цогтсайхан болон Хяналт шалгалт, үнэлгээний газар, Хууль, эрх зүйн газар, Санхүү хангамж, үйлчилгээний хэлтэс, Төсвийн хяналт, шинжилгээний хэлтэс, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн удирдлага, албан хаагчид оролцов.
Хэлэлцүүлгийн эхэнд Хяналт шалгалтын хэлтсийн ахлах зөвлөх Ч.Онончимэг “Улсын Их Хурлын Хяналт шалгалтын хэлтсийн чиг үүргийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр, “Улсын Их Хурлын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн чиг үүрэг, тулгамдаж буй асуудал” сэдвээр Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Ш.Батцэнгэл нар танилцуулга хийлээ. Түүнчлэн Хяналт шалгалт, үнэлгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Янжинхорлоо “Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн төсөл ба Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын бүтэц, чиг үүргийн саналын танилцуулга” сэдвээр илтгэл тавилаа.
Хяналт шалгалт, үнэлгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Янжинхорлоо “Энэ хууль батлагдсанаар Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд УИХ-ын Тамгын газраас мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын хувьд туслалцаа үзүүлэхэд илүү ойлгомжтой, тодорхой, өргөн цар хүрээнд, зарчимд суурилсан хариуцлагатай болсноороо онцлогтой.
Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг өргөжих тусам бидний хариуцлага, хийх ажил дагаад өргөжиж байгаа учраас тодорхой хэмжээнд бүтцийн өөрчлөлт орно. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлгээр бүтэц, чиг үүргийн тал дээр харилцан ярилцаж, өөрсдийн саналаа гаргана” хэмээв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд хяналт шалгалтын ажлын хэсгийн болон орон нутагт ажиллах үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, Улсын Их Хурлаас Улсын төсөвт тавих хяналт, Хяналт шалгалт, үнэлгээний газрын бүтэц, чиг үүрэг зэрэг сэдвүүдээр чөлөөт ярилцлага өрнүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.