Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний 10 сарын эцсийн байдлаар Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр 868.5 тэрбум төгрөгийн зээлийг 11.5 мянган өрхөд олгожээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 2.3 дахин нэмэгдсэн дүн гэж Монголбанк мэдээллээ.
Өнгөрсөн дөрвөн жилд ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32.6 тэрбум төгрөгийн зээлийг олгож байсан бол 2021 онд сард дунджаар 84.4 тэрбум төгрөгийн зээл олгосон нь 2.2 дахин их үзүүлэлт юм. Монголбанк энэ оны 11, 12 дугаар сард нийт 70 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 46.7 тэрбум төгрөг нэмж, хоёр сарын хугацаанд нийт 116.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоор төлөвлөж байсан. Тэгвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард 120.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ.