Б. Мичидмаа
Өнгөрсөн жил дэлхий даяараа хэцүү нэрт өвчний улмаас шинэ жилийн баяраа тэмдэглэж чадаагүй. Гоёлын даашинз, галт наадам, үдэшлэг цэнгүүн бүгд хориотой. Хүн төрөлхтөн бүгд гэр гэртээ, хотын чимээ аниргүй байдлыг ажиглан, элдэв чимээ шуугиангүй намуухан шинэ жилийн үдшээ өнгөрөөсөн билээ. Тэгвэл энэ жил ч ялгаагүй томоохон хотууд шинэ жилийн үйл ажиллагаагаа цуцалж байгаа сурагтай. Цар тахлын улмаас цуцлагдаж байгаа дэлхийн томоохон хотуудын шинэ жилийн уламжлалт үйл ажиллагаануудаас хүргэе.
Берлин хот
Герман улсын Берлин хотын захиргаанаас ковидын халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх үүднээс энэ оны 12 дугаар сарын 28-аас эхлэн хатуу хөл хорио тогтоож, шинэ жилийн баярын цэнгүүнийг хоригложээ. Герман улсын Берлин хотын галт наадмын дүр зураг дэлхийн олон мянган хүмүүсийн сэтгэлд хоногшсон шинэ жилийн үйл явдлуудын нэг билээ. Галт наадмыг үзэх гэж жуулчид шинэ онтой уралдан Берлин хотыг зорьдог байсан нь саяхан. Харин энэ жил тэр гайхалтай галт наадам болохгүй нь харамсалтай.
Лондон
Лондон хотын захирагч Садик Хан коронавирусийн “Омикрон” хувилбарт халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан онц байдал зарлажээ. Сүүлийн өдрүүдэд Лондон хотод коронавирусийн халдвар авсан эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо нэмэгджээ. Засгийн газрын мэдээлснээр Лондон дахь эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 28 хувиар өссөн байна. Уг нөхцөл байдлаас үүдээд Лондон хотын Трафальгарын талбайд болох байсан үдшийн цэнгүүнийг цуцалж буй тухайгаа твиттер хуудаснаа жиргэжээ. Үдшийн цэнгүүнд нийт 6500 хүн оролцох байжээ.
Дели хот
Энэтхэг улсын иргэд шинэ жилийг шөнө дунд биш нар мандахад угтдагаараа онцлогтой. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр, хаалга цонхоо гэрлээр чимдэг. Энэ өдөр эелдэг найрсаг байхыг эрхэмлэж, уурлаж маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэдэг. Шинэ оны өглөө хүүхдүүд нүдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Мөн Дели хотын төрийн байгууллагын ажилчид болоод, хувийн хэвшлүүд аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрахын бэлгэдэл болгож үдшийн зоог барьж хамт олноороо цугладаг заншилтай. Гэхдээ энэ жил Энэтхэг улсын засгийн газар Ковид-19 тархалт өссөнтэй холбоотойгоор нийгэм, соёл, улс төр, баяр ёслолын бүх арга хэмжээнд хориг тавихаа мэдэгдэв. Энэ хоригийн хүрээнд төрийн албан хаагчид болон бусад хувийн хэвшлүүд шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байхаар болжээ.
Парис хот
Франц улсын шинэ оны онцлох зүйл бол яалтчгүй үзэсгэлэнт Парис хотод байрлах Эйфелийн цамхгаас цацрах гэрлийн шоу билээ. Дэлхийн долоон гайхамшгийн нэг болоод сүр дуулиантай гэрлийн үзүүлбэрийг үзэх нь шинэ жилийн торгон мөчүүдийн нэг. Харамсалтай нь энэ хүлээлттэй үзүүлбэр цуцлагджээ. Өнөөх л нэг хэцүү нэртээс шалтгаалав. Францын Ерөнхий сайд Жан Кастекс 12-р сарын 17-ны баасан гарагт шинэ жилийн өмнөх үдэш олон нийтийн томоохон үдэшлэг, гэрэлт үзүүлбэрийг хориглож буй тухайгаа мэдээлсэн юм.