Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа алба, агентлагуудад энэ ондоо багтан Яармагт барьсан Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүх үүрэг өгсөн билээ. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хотын захиргааныхан өнгөрсөн бямба гарагаас нүүж эхэлсэн.
Хотын захиргааг нүүлгэж буй зураг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан даруй тухайн нүүлгэлтийн зардал нь 1,5 тэрбум төгрөг гэх мэдээлэл цацагдаж, шүүмжлэлд өртөөд байсан билээ. Тэгвэл уг асуудлаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэлэхдээ:
” Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагыг шилжүүлэн байршуулах ажлыг зохион байгуулахад 500 сая төгрөгийг нийслэлийн 2021 оны төсөвт тусгасан. Тэрнээс хэвлэлээр бичээд, мэдээлээд байгаа шиг 1.5 тэрбум төгрөг зарцуулсан зүйл байхгүй. Нүүлгэлтийн ажил, тээвэрлэлтийн зардалд 90 сая төгрөг төсөвлөсөн. Цар тахлын үе учраас нийслэлийн хувьд аль болох бага зардлаар нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг хийхээр төлөвлөж, энэ дагуу дотоод нөөц, бололцоогоо ашиглан ажлуудаа хийж байгаа” гэв.