Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс арванхоёрдугаар сарын 20-24-ний өдөр гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс таван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
Мөн эрүүгийн 498 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, дөрвөн хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 483 хэргийг шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хоёр хэргийн 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн мэдэгдэл бичиж, мөн мэдэгдлийн хариуг хүлээн авсан байна.
Хэрэг шалгалтын явцад Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Турк улсад зорчиж ирэхдээ хилээр их хэмжээний алт нэвтрүүлэхийг завдсан хэрэгт нэр холбогдсон. Гаалийн байцаагч тухайн тээшний эзнээр гаалийн бүрдүүлэлтийг нөхөн хийлгэж, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан талаар мэдээлсэн.