УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, Оюу толгойн ордоос Монгол Улсын эрх ашгийг хангуулах арга хэмжээний тухай тогтоол, Хоёрдугаарт, Цар тахлын хуулийг сунгахтай холбоотой асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Өнөөдрийн бүлгийн хурлаар дээрх хоёр асуудлаас гадна жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нийтийн сонсгол зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Эхний асуудалд Ардчилсан намын бүлэг болон, Ардчилсан нам маш тодорхой байр суурьтай байна. Оюу толгой ордыг Монголын ард түмэнд үр өгөөжтэй байлгах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Нөгөө талаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд улс орны хөрөнгө оруулалт 33 хувиас хэтрэх ёсгүй гэж байдаг. Оюу толгойн гэрээ хэлэлцээр дээр Засгийн газар үр дүнтэй ажиллаж байна. Энэ тогтоолыг бид бүхэн дэмжиж байна.
Цар тахлын хуулийн зарим заалтыг дэмжихгүй байна. Энэ хуулиар бид бүхэн хоёр жил амьдарлаа. Өнөөдрийн байдлаар зарцуулж байгаа хөрөнгө мөнгө, тусламж үр дүн багатай байна. Шаардлага хангахгүй байна. Энэ цар тахлын хуулиар ахиад хөл хорио тогтоох юм бол аж ахуйн нэгжүүд, ард түмэнд хүндээр тусна. Тийм учраас өрх болгонд сая төгрөг өгөх зэргээр анхаарч ажиллах шаардлагатай.
Хүний эрхийн зөрчил энэ 5-6 жилд их гарлаа. МУ-ын Үндсэн хуульд иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх нь чөлөөтэй гэж заасан. Үүнийг Жагсаал цуглаан зохион байгуулах хуулиараа зөрчиж байна. Иргэдийн тавьсан санал хүсэлтийн дагуу УИХ дээр сонсгол зохион байгуулах хэрэгтэй байна. УИХ-ын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг 11 дүгээр сарын 19-нд УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг энэ сарын 30-ны өдөр зохион байгуулахаар болсон. Гэсэн хэдий ч тус нийтийн сонсголыг баярын уур амьсгал давхацсан өдөр зохион байгуулж байгаа нь нийтийн сонсгол хийсэн нэр төдий болно. “NoDoubleStandart” хөдөлгөөний залуусын зүгээс мөн үүнийг эсэргүүцэж холбогдох шаардлагаа хүргүүлсэн” гэлээ.