Богд хааны ордон музей Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийн ойд зориулан “Хорин нэгэн Дара эхийн чуулган” тусгай үзэсгэлэнг үзэгчдийн хүсэлтээр дахин толилуулахаар боллоо.
Тус үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр морин цагт Богд хааны ордон музейн Өвлийн ордонд болно. Соёлын бүтээлч сар аяны хүрээнд олон түмний таашаалд хүрсэн “Хорин нэгэн Дара эхийн чуулган” тусгай үзэсгэлэн нь Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутрын бүтээл, Монгол Улсын хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй ур хийц Ногоон дара эх тэргүүтэй Хорин нэгэн дара эхийг хамтад нь нэг дороос үзэх боломжийг үзэгчдэд олгож байна. Тусгайлан зассан тайз декераци бүхий орчинд, хүссэн өнцгөөсөө харах боломжийг олгож буйгаараа энэхүү үзэсгэлэн онцлогтой юм байна. Тасалбарын үнэ 20 мянган төгрөг аж. Мөн Богд хааны ордон музей Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийн ойд зориулан “Эрх чөлөө” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулах юм.