Бэлтгэсэн: Л.ДӨЛГӨӨН
Эмэгтэйчүүдийн хавдрын талаар Хавдар судлалын үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч, Анагаах ухааны магистр Г.Ням-Одтой уулзаж ярилцлаа.
-Эмэгтэйчүүдийн хорт хавдраас зонхилон тохиолдож байгаа хавдарын төрөл юу байдаг вэ?
-Эмэгтэйчүүдийн үндсэн байрлалын зургаан хавдараас умайн хүзүүний хавдар зонхилон тохиолдож байна. Сүүлийн арван жилийн хугацаанд жилд дунджаар 400 гаруй эмэгтэйчүүд оношлогддог. Үүний 50-60 хувь нь хожуу үе шатандаа орсон байдаг.
-Эмэгтэйчүүдийн хавдрыг үүсгэгч хүчин зүйлүүд нь юу байдаг вэ?
-Ихэнх хавдрын шалтгаан тодорхойгүй байдаг. Гэхдээ зарим нэг хавдрын шалтгаан бүрэн судлагдчихсан. Үүний нэг жишээ нь, умайн хүзүүний хавдрын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд нь бүрэн судлагдчихсан. Энэ хавдрыг үүсгэгч гол хүчин зүйл нь бэлгийн замаар дамждаг хүний хөхөнцөр вирусын халдвар буюу HPV вирусээс үүдэлтэй гэж дэлхий дахин аль хэдийн тогтоочихсон. Тэгэээд үүний эсрэг вакцин гаргаад авчихсан дэлхийн олон оронд хэрэглэгдэж байна. Ойролцоогоор 150-160 орчим умайн хүзүүний хөхөнцөр вирусын халдвар бий. Эдгээрийн 30 орчим төрөл нь хортой хавдар үүсгэдэг.
-Хүний хөхөнцөр вирус ямар замаар дамждаг вэ?
-Энэ вирус нь бэлгийн замаар дамждаг. Бэлгийн хавьтлын үед эмэгтэй хүн эрэгтэйгээсээ, эрэгтэй хүн эмэгтэйгээсээ авдаг гэсэн үг. Эмэгтэй хүнд умайн хүзүү байдаг болохоор хавдар үүсгэдэг. Харин эрчүүд тээгч байдаг.
-Умайн хүзүүний хорт хавдарт эрт илрүүлэг хэр чухал вэ?
-Умайн хүзүүний хорт хавдар нь үндсэн дөрвөн үе шаттай. Дотроо 1A, 1B, гээд ойролцоогоор 16 шатанд задардаг. Энэ хавдар нь харьцангуй шинж тэмдэг багатай учир хожуу шатандаа оношлогдох тохиолдлууд их гардаг. Тийм учраас тогтмол шинжилгээ өгч өөрийгөө урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Хүний хөхөнцөр вирусыг илрүүлэг шинжилгээ хийгддэг үү?
-ХСҮТ, төрөх эмнэлэг, хувийн эмнэлэгүүд дээр энэ вирусыг тодорхойлдог. Өндөр хөгжилтэй орнуудын эрт илрүүлгийн хөтөлбөрт умайн хүзүүний эсийн шинжилгээнээс гадна хөхөнцөр вирус байна уу, үгүй юу гэдгийн тестээр үзэх боломжтой байдаг. Энэ тестийг 21 наснаас нь эхэлж авдаг. Манай улсын хувьд эрт илрүүлгийн хөтөлбөрт нь 30-60 насны хооронд гурван жилийн давтамжтай хийгддэг.
-Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх боломж хэдэн хувьтай байдаг вэ?
-Умайн хүзүүний хорт хавдараас 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой. Умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд хүний хөхөнцөр вирус хамгийн том шалтгаан гэдгийг тогтоочихсон. Үүний эсрэг 2006 онд Германы эрдэмтэн хүний хөхөнцөр вирусаар вакцин гаргаад шагнал хүртсэн байдаг.
–Энэ вирусын халдвараас хэрхэн сэргийлэх ёстой вэ?
-Энэ вирус нь бэлгийн замаар дамждаг. Тиймээс бэлгийн хавьтлын үед авдаг гэсэн үг юм. Эмэгтэй хүнд умайн хүзүү байдаг болохоор хавдар үүсгэдэг. Харин эрэгтэйчүүд зөвхөн тээдэг. Эмэгтэйчүүдэд зөвхөн умайн хүзүүний хавдар үүсгэхээс гадна үтрээ бэлгийн их, бага уруул, ам залгиур, шулуун гэдэсний хавдар үүсгэх эрсдэлтэй.
-Эсийн шинжилгээг хаана өгөх вэ?
-Эхний шатлал буюу өрхийн эрүүл мэндийн төв. Өрх дээр авсан шинжилгээ өөрчлөлттэй гарвал хоёрдугаар шатлалд дахин шинжилгээ хийгээд эмэгтэйчүүдийн эмч нь эсийн шинжилгээг үндэслээд дахиж авах уу, шаардлагатай бол ХСҮТ руу явуулна. ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн хавдар судлаач эмч үзээд тухайн эмэгтэйд дурангийн шинжилгээ хийгээд дараагийн арга хэмжээг авна.
Умайн хүзүүний хорт хавдраар 30-аас доош насныхан өвчилж байгаа болохоор тухайн эмэгтэй бэлгийн харьцаанд орсон үеээсээ хойш таван жил тутамд шинжилгээ өгөх хэрэгтэй.
–Умайн хүзүүний хорт хавдрын үед ямар эмчилгээ хийгддэг вэ?
-Хорт хавдрын үе шатыг олж мэдэх нь умайн хүзүүний хорт хавдартай өвчтөнд хамгийн үр дүнтэй эмчилгээ хийх шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хорт хавдрын үе шат нь хорт хавдрын тархалт (үсэрхийллийн хэмжээг илэрхийлдэг бөгөөд энэ нь нутагшсан эсэх, эсвэл ойролцоох бүтэц, биеийн алслагдсан хэсэг) эрхтэнд тархсан эсэхийг хэлж өгдөг.
Умайн хүзүүний хорт хавдрыг эмчлэх янз бүрийн аргууд байдаг бөгөөд эрт үе шатанд оношлогдвол ихэвчлэн эдгэрдэг. Хорт хавдрын төрөл, үе шат, өвчтөний нас, эрүүл мэндийн ерөнхий байдал зэрэг бусад хүчин зүйлээс хамааран эмчилгээ нь өөр өөр байж болно. Умайн хүзүүний хорт хавдрын эхний үе шатанд эмчилгээнд умайн хүзүүг болон умайн зарим хэсгийг эсвэл бүх хэсгийг нь арилгах мэс засал, эсвэл туяа эмчилгээ, эсвэл мэс засал ба туяа эмчилгээний аль алиныг нь багтаасан болно. Цацраг туяагаар эмчлэх нь умайн хүзүүний хорт хавдар дахин үүсэх эрсдлийг бууруулахад тусалдаг.
Зөвлөмж: Умайн хүзүүний хорт хавдрын шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ
Умайн хүзүүний хорт хавдрын эхний шатанд шинж тэмдэг, шинж тэмдэг илрээгүй байж болно. Өвчин даамжрах тусам умайн хүзүүний хорт хавдрын дараах шинж тэмдгүүд илэрдэг.
- Бэлгийн харьцааны үед эсвэл дараа нь үтрээнээс хэвийн бус цус алдалт
- Сарын тэмдгийн хооронд үтрээний хэвийн бус цус алдалт
- Цэвэршилтийн дараа үтрээнээс хэвийн бус цус алдалт
- Муухай үнэртэй, үтрээнээс усархаг, цуст хүнд ялгадас гардаг
- Аарцгийн өвдөлт
- Харьцааны үед өвдөлт
Хэрвээ 21-29 настай бол
-21 наснаас эхлээд ПАП тестэд хамрагдах эхэлнэ. Хэрвээ ПАП тест хэвийн бол 3 жилийн дараа давтан өгөхийг эмч зөвлөнө.
Хэрвээ 30-65 настай бол
Эмчтэйгээ зөвлөлдөөд дараах сорилоос өөрт тохирохыг сонгож хийлгэж болно.
- Зөвхөн ПАП тест. Хэрвээ сорилын үр дүн хэвийн бол 3 жилийн дараа давтан хийлгэхийг эмч зөвлөнө.
- Зөвхөн ХПВ тест. ХПВ илрүүлэх анхдагч сорил бөгөөд хэрвээ сорилын үр дүн хэвийн бол 5 жилийн дараа дараагийн шинжилгээнд хамрагдахыг эмч зөвлөнө.
- ПАП болон ХПВ тест хамтад нь. Үүнийг хавсарсан сорил гэж нэрлэнэ. Хэрвээ хавсарсан сорилын үр дүн хэвийн бол 5 жилийн дараа уг шинжилгээг давтан хийлгэхийг зөвлөнө.
Хэрвээ 65 дээш настай бол
-Сүүлийн хэдэн жилд эрт илрүүлгийн сорилын дүн хэвийн байсан эсвэл умайн леймиома зэрэг хоргүй хавдрын улмаас умай бүрэн тайрагдсан бол дахиж эрт илрүүлэгт хамрагдах шаардлагагүй.
Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч гол хүчийн зүйлүүд:
- Хүний хөхөнцөр вирусын халдвар
- Тамхи татдаг эмэгтэйчүүд нийт тамхи татдаггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад 1,7 дахин умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй байна.
- Бэлгийн олон хавьтагчтай байх, нөгөө бэлгийн хавьтагч нь цаанаа мөн олон бэлгийн хавьтагчтай байх,
- Эрт бэлгийн харьцаанд орох, хүүхэд төрүүлэх, жирэмснээс хамгаалах эмийг урт хугацаанд хэрэглэх,
- Аборт, умайн хүзүүнд хийгддэг мэс ажилбарт орох гэх мэт зүйлүүд энэ төрлийн хавдрыг үүсгэгч гол хүчин зүйл болж өгдөг байна.